“Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын үндсэн хөдөлгөөнийг өнөөдөр 12.00 цагт нээхээр төлөвлөсөн байна.
Тус гүүр нь Олимпийн гудамж болон Их Монгол улсын гудамжийг дөрвөн эгнээ бүхий 477 метрийн урт төмөр бетон гүүрээр холбож байгаа бөгөөд үндсэн хөдөлгөөнийг ийнхүү нээж байгаа юм.
Хэдийгээр өнөөдөр үндсэн хөдөлгөөнийг нээж байгаа хэдий ч гэрэлтүүлэг, явган хүний зам гэх мэт бусад тохижилтын ажлуудыг давхар хийхээр төлөвлөж байна. Хичээлийн шинэ жил эхэлж, замын ачаалал эрс нэмэгдсэнтэй холбогдуулан өнөөдөр ийнхүү тус гүүрний үндсэн хөдөлгөөнийг нээж байгаа бөгөөд тус гүүрний ашиглалтад бүрэн орох хугацаа нь ирэх оны зургадугаар сар хэмээн төлөвлөжээ.
Энэхүү гүүрэн гарцын барилгын ажлын үндсэн гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20 дугаар товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байна.