Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаярыг огцруулж, Онц их хурал хуралдуулах талаар сэтгүүлч А.Бүрэнбаатар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Би хувь сэтгүүлчийнхээ үүднээс энэхүү хэвлэлийн хурлыг хийж байна. Улс төрийн хүч, бүлэглэл миний ард байхгүй гэдгийг албан ёсоор хэлье” гээд “Гурван сарын өмнө Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр Монголын бүх сэтгүүлчид худалдагдсан гэж хэлсэн. Монголын бүх сэтгүүлчдийг худалдагдсан гэж зарлачихаад үүнийхээ төлөө уучлалт гуйгаагүй. Сэтгүүлчдийн эвлэл гэсэн байгууллагыг Х.Мандахбаяр гэдэг хүн дуртай үедээ больдог, дуртай үедээ орж ирж болдог хувийн байгууллага шигээ хандаж байгаад сэтгүүлч хүний хувьд эвлэрэхгүй.
Намайг бөгөөд сэтгүүлч та бүгдийг худалдагдсан гэдэгтэй санал нийлэхгүй байна. Эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр сэтгүүлчдийн төлөө тэмцэнэ гэсэн мөртлөө уул уурхайтай тэмцээд явж байна. Өнөөдөр хэн дуртай нь сэтгүүлчийг муу муухайгаар доромжилдог боллоо. Сүүлдээ сэтгүүлч гээд хүнтэй танилцахаасаа ч ичиж байна. Хувь, хувьсгал хоёроо ялгадаг ерөнхийлөгчтэй байхыг хүсэж байна. Энэ салбарын нэр хүндийг өргөдөг хүн Эвлэлийг толгойлж, төлөөлөх ёстой. Салбарынхаа унасан нэр хүндийг аваръя.
Цэвэр, мэргэжлийн сэтгүүл зүйн төлөө хамтдаа явцгаая. Тиймээс Монголын сэтгүүлчдийн онц их хурал хуралдуулахыг санаачилж байна. Өнөөдрөөс эхлэн Монголын сэтгүүлчдийн онц их хурал зарлах үүднээс гарын үсэг цуглуулах аян эхлүүлнэ. Үе үеийн ерөнхийлөгчид эрдэмтэн голдуу хүмүүс бодлого ярьдаг байсан. Ийм сүржин, уйлдаг, инээдэг, үсэрдэг, цовхчдог байгаагүй. Ёс зүйгээ мөрдлөг болгоод, хууль бус зүйл хийснээ хүлээн зөвшөөрөөд хугацаанаасаа өмнө ажлаа өгчих” гэж мэдээлэл өглөө.