Монгол улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл өнгөрөгч долоо хоногт тархаад байсан билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатаас тодруулахад “Энэ оны зургадугаар сард сошиал орчинд мэдээлэл гарсантай холбогдуулан АТГ-аас шалгаж эхэлсэн. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Өмнөговь аймгийн Тост, тосон бумбын нуруу, Сэлэнгэ аймгийн Ноён уул орчмын газар, Булган аймгийн Тэшиг сумдын нутаг дээр улсын тусгай хамгаалалтай газарт лиценз эзэмшиж байсан компаниудыг зөвшөөрлийг цуцалж, тэрхүү лицензээ өөр компанид нөхөн олговрын хэлбэрээр олгосон. Энэ тогтоолтой холбогдуулан тус бүс нутгаас өөрийн эзэмшил бүхий компани дээр лиценз шилжүүлсэн гэсэн мэдээлэл сошиалд тарсан. Энэ хүрээнд хуулийн байгууллага шалгаж байгаа.
Ер нь бол Тост, тосон бумбын нуруунд лиценз эзэмшиж байсан компани газар авч, хайгуул хийх компани олдоогүй учраас өөр компанид шилжүүлсэн. Тэр нь миний ХОМ дээр байгаа компани болж таарсан. Хуулийн байгууллага шалгаж тогтоох байх. Хуучин компани нь өөр компанид эрхээ шилжүүлсэн нь манай компани байсан бөгөөд тэр талбай дээр нь мөн авсан талбай дээрээ хайгуул хийсэн ч юм олоогүй. Тиймээс өнгөрсөн дөрөвдүгээр сард улсад зөвшөөрлөө буцааж өгсөн. Би ямар нэг буруутай үйлдэл гаргаагүй. Хэрэв буруутай үйлдэл хийсэн бол бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн байна. “Хэрх элч” ХХК нь миний тодорхой хувь эзэмшдэг, миний дүүгийн компани” гэв.