БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1939 оны 38 дугаар тогтоолоор тухайн үеийн Аж үйлдвэр, барилгын яамны дэргэд ”Уул уурхай, ашигт малтмал трест” байгуулагдсанаар Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсан түүх эхэлдэг билээ. Геологийн алба тэр цагаас хойш өнөөдөр манай орны бие даасан томоохон салбар болтлоо хөгжиж нутаг дэвсгэрийг бүхэлд нь геологи, ашигт малтмал, тектоник, геоморфологи, гидрогеологи, геофизикийн зэрэг төрөл бүрийн геологийн судалгаанд хамруулж чаджээ. Эдгээр судалгааны үр дүнд Монгол орны ашигт малтмалын тархалтын ерөнхий зүй тогтлууд илэрч, 80 гаруй төрлийн ашигт малтмалын 1600 гаруй ордыг нээн илрүүлж олон арван томоохон орд газрууд нээгдэн ашиглагдаж байна.
Монгол Улсад Геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа билээ. Энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа томоохон ажлын нэг нь олон улсын эрдэм шинжилгээний энэхүү хурал бөгөөд УУХҮЯ, АМГТГ, ШУА-ын Геологийн хүрээлэн, ШУА-ын палеонталогийн хүрээлэн МУИС, ШУТИС-аас хамтран энэ сарын 16,17 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд ОХУ, БНЧехУ, Ардчилсан Солонгос Улс, Бүгд найрамдах Солонгос Улс, Япон зэрэг орны эрдэмтэн судлаачид оролцож, хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн геологийн судалгааны үр дүн цаашид хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, судалгаа шинжилгээний ажлын талаар санал солилцоно.
Монгол Улсын Засгийн газраас Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, геологи хайгуулын салбарыг хөгжүүлж, эрдэс баялгийн санг тасралтгүй нэмэгдүүлэх зорилтын хүрээд Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлын цар хүрээг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр томоохон ажлууд хийгдэж байгаа билээ. Мөн олон улсын дэвшилтэт техник, технологи ашиглан геологийн судалгааны ажлыг чанарын болон мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэхээс гадна бий болсон мэдээллийн цахимжуулах, шинэчилж боловсронгуй болгох, мэдээллээр хурдан шуурхай цаг алдалгүй үйлчлэх, зарим мэдээллийг нээлттэй болгох алхамууд хийгдэж үр дүнд хүрч байна.
Манай орны геологичид судлаачдын хувьд өнгөрсөн 80 жилийн түүхэн хугацаанд олж мэдсэн мэдлэг, судалж шинжилсэн судалгааны үр дүн, бүтээж туурвисан ном товхимол, хийсэн ажлынхаа ололт амжилт, өөрийн орны геологичид, судлаачдын судалгааны дүнг судалгааны чиглэл тус бүрийн салбар хуралдаануудаар танилцуулж байгаагаараа онцлог юм.
Олон Улсын Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд УУХҮЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Д.Алтанхуяг оролцож үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд геологийн салбарт Япон, Канад, Австрали, Франц, Солонгос зэрэг орнуудын геологийн байгууллагуудтай хамтран төрөл бүрийн геологийн судалгааны болон хайгуулын төслүүд хэрэгжүүлэн хамтран ажиллаж байна. Манай геологичид гадны геологичидтой мөр зэрэгцэн ажиллаж орчин үеийн өндөр технологийн багаж тоног төхөөрөмж, программ хангамжийг эзэмшин тэднээс суралцахаас гадна бусад улсад ч ажиллах болсон нь тэднийг олон улсын түвшинд хүрснийг харуулж байгааг онцлоод Монгол Улсын геологи, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх, улс орныхоо нутаг дэвсгэрийн геологийн тогтоцыг судлах, ашигт малтмалын хэтийн төлвийг тогтоож олон арван орд илрэлийг нээн илрүүлэх, нөөцийг нэмэгдүүлэх үйлст эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө зориулан яваа геологийн салбарын үе үеийн эрдэмтэд, багш нар, геологичид, болон хуралд оролцож буй зочид төлөөлөгчид та бүхэнд Монгол улсад Геологийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярын мэндийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны нэрийн өмнөөс хүргэе” гэв.