Прокурорын ерөнхий газраас өнөөдөр нийгэмд хүлээлт үүсгэсэн томоохон хэргүүдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Х.Баттулгад эрүүгийн хуулийн 263.2 буюу албан тушаалаа урвуулан ашигласан гэх зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар дуулгав. Түүний хилээр гарах эрхийг нь түдгэлзүүлсэн бөгөөд \”Рио-2016\” зуны олимпийн наадамд Монголын жүдогийн баг тамирчдыг ахлан явахаар болсонтой нь холбогдуулж хилийн хоригийг нь түр цуцалсан аж. Түүнийг эх орондоо эргэж ирэх үед нь хэргийг үргэлжлүүлэн шалгах юм байна.
Мөн УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүхэд Х.Баттулгын нэгэн адилаар 263.2 гэсэн зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд А.Гансүхийн хилээр гарах эрхийг нь мөн адил түдгэлзүүлээд байгаа гэнэ.
А.Гансүхийг өнгөрөгч зургаадугаар сарын сүүлээр Монгол Улсаас оргон зайлсан гэх мэдээлэл цацагдаж, интерполоор эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл энэ талаар Прокурорын байгууллага, \”Тухайн үед А.Гансүх нь албан ажлын томилолттой байсан учир хилийн хоригийг нь түр цуцалж, хил зорчуулсан нь үнэн. Одоогоор сэжигтэн А.Гансүх нь эх орондоо байгаа. Түүний хилийн хоригийг түдгэлзүүлсэн хэвээр байгаа\” гэх мэдээллийг өглөө.
breakingnews.mn