Улсын Онцгой комиссын хуралдаан болж 2019-2020 оны өвөл, хаврын цаг агаарын төлөв байдал, хөдөө аж ахуйн салбар болон нийслэлийн өвөлжилт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажил, үр дүн, Улсын Онцгой комиссын даргын тушаалын дагуу орон нутагт ажилласан Шуурхай бүлгийн дүгнэлт, эрсдэлийн үнэлгээ хийсэнтэй танилцав.
2019-2020 оны өвөл, хаврын цаг агаарын төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин мэдээлэл хийв. Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 55 орчим хувьд цасан бүрхүүл тогтоод байна. 11 дүгээр сарын 20-ны байдлаар Увс аймгийн Баруунтуруун, Завханы Нөмрөг, Тосонцэнгэл, Цагаанхайрхан, Тэлмэн, Цагаанчулуут, Тэс, Эрдэнэхайрхан, Хөвсгөлийн Жаргалант, Чандмань-Өндөр, Их-Уул, Шинэ-Идэр, Булганы Баян-Агт, Бугат, Сэлэнгийн Ерөө, Хэнтийн Биндэр, Батширээт, Баян-Овоо, Баян-Адрага, Норовлин, Гурванбаян, Өмнөдэлгэр, Дадал, Сүхбаатарын Түмэнцогт суманд 11-20 см цас тогтжээ. Хэнтийн ихэнх, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн зарим сумын нутагт 6-10 см, Төв, Сүхбаатар аймгийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Дорноговийн зарим сум 1-5 см цастай байна. Ирэх сард Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун талын сумдын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, төвийн нутгийн өмнөд, говийн бүсийн нутгаар бага зэргийн дулаан, бусад нутгаар олон жилийн дундаж орчим, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дундаж орчим байх төлөв гарчээ. 2020 оны нэгдүгээр сард Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун талын сумдын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, Дорноговь, Сүхбаатар, Өмнөговь, Дундговийн зүүн, Дорнодын өмнөд хэсгээр бага зэрэг дулаан байна гэсэн урьдчилсан мэдээ гарсан байна.
3.2 сая мал отор нүүдэл хийж байна
2019-2020 оны өвөл, хавар 22 мянга гаруй өрхийн 10 сая гаруй мал отроор, 57.5 сая мал суурин өвөлжөө, хаваржаандаа байх тооцоо гарчээ. Өнөөдрийн байдлаар Архангай, Булган, Дундговь, Өвөрхангай, Төв аймгийн 3.2 сая мал Архангай, Булган, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Төв аймагт отор нүүдэл хийж байна. Зуншлага муу, гантай байсан аймгуудын малыг улсын тусгай хэрэгцээний аймаг дундын Чилэн, Хөх дэл, Малах, Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагт оруулж байгааг Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Ж.Сауле хэлэв. 2019-2020 онд аймаг дундын отрын есөн бүс нутагт 11 аймаг, Улаанбаатар хотоос 600 орчим мянган толгой малыг өвөлжүүлж, хаваржуулахаар шийдвэрлэжээ. Малчид өвс, тэжээл, сүрэл, дарш, давс, хужрынхаа 90 гаруй хувийг бэлтгэсэн дүн гарсан байна. Аймаг, нийслэл, сум, дүүргүүдийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бэлтгэл 70 хувьтай байгааг дэд сайд Ж.Сауле танилцууллаа.