АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Хонг Конгийн ардчилал, хүний эрхийг хамгаалах зорилго бүхий “The Hong Kong Human Rights and Democracy Act” нэртэй хуулийг баталжээ.
Хуульд гарын үсэг зурсныхаа дараа Д.Трамп “Ши Жиньпин дарга, Хятад улс, Хонг Конгийн ард түмнийг хүндэтгэж би энэ хуулийг баталж байна” хэмээн талууд үзэл бодлын ялгаагаа арилгаж, урт хугацаанд тогтвортой хөгжиж цэцэглэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.
Энэхүү хуулийг өнгөрөгч долоо хоногт конгрессоор хэлэлцэж дэмжээд байсан бөгөөд тус хууль батлагдсанаар АНУ-ын зүгээс жил бүр Хонг Конгийн автономит статус хангагдаж байгаа эсэхийг үнэлж, үүний үндсэн дээр худалдааны онцгой нөхцөл олгох юм. Хэрэв тэдний зүгээс Хонг Конгийн бие даасан байдал алдагдсан гэж үзвэл эдийн засгийн хориг тавихаар хуульчилжээ.
Үүнээс гадна тус хуулийг баталж байгаа нь АНУ-д үйлдвэрлэсэн нулимс асгаруулагч хий, резинэн сум зэрэг зэвсэг техникийг Хонг Конг руу экспортлохыг хориглох зорилготой хэмээн тайлбарлаж байгаа юм.
Харин тус хуулийн төслийг Бээжингийн эрх баригчид анхнаас нь эсэргүүцсээр байгаа бөгөөд өнгөрөгч даваа гаригт Бээжин дэх АНУ-ын элчин сайд Тэрри Брэнстэдэд эсэргүүцлийн нот бичиг гардуулаад байгаа билээ.
Уг бичигт Хонг Конгийн талаар хуулийн төслийг АНУ-ын конгресс өнгөрсөн долоо хоногт дэмжсэн нь Хятад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон явдал гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Тус хуулийг батлахаас өмнө Хятадын засгийн газар хэрвээ Дональд Трамп хуулийг баталбал АНУ-ын эсрэг хатуу хариу арга хэмжээ авна хэмээн анхааруулж байсан билээ.
Эх сурвалж: Reuters