Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэхтэй холбоотой төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжив. Зээлийн хөрөнгөөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас гал унтраах 72 автомашин, тоног төхөөрөмж худалдан авч Онцгой байдлын ерөнхий газар болон орон нутгийн газар, хэлтэст олгоно. Эдгээр машин нь 15.4 сая еврогийн өртөгтэй бөгөөд зээлийн эргэн төлөх хугацаа долоон жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа хоёр жил байх юм.
Одоогийн шаардлага, стандартаар Онцгой байдлын албаны аврах, гал унтраах 68 ангид есөн нэр төрлийн 501 гал унтраах автомашин байх ёстой. Гэсэн ч зургаан нэр төрлийн 240 автомашинтай байгаа нь албаны бэлтгэл, бэлэн байдлын түвшин 48 хувьтай гэсэн үг юм. Энэ нь улсын хэмжээнд гарч байгаа ой, хээрийн болон обьектын түймэрт түргэн шуурхай очих, бүрэн унтраахад ихээхэн хүндрэл учруулж байна.