Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба гэж байдаг байлаа. Уг албаныхан ШШГЕГ, ГИХГ, ХХЕГ, АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хэрэг бүртгэгч, мөрдөгч, гүйцэтгэх ажилтнуудын үйлдсэн тодорхой төрлийн хэргүүдийг шалгах үүрэгтэй. Гэвч тус байгууллагыг өмнөх парламентын үед татан буулгасан нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанаас болж хүний эрх хохирох явдлыг нэмэгдүүлэх шалтгаан болсон юм.
Хүний эрхийн үндэсний комисс болон олон улсын хүний эрхийн байгууллагуудаас удаа дараа гаргасан зөвлөмж, саналыг үндэслэн УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, тусгай субьектуудын үйлдсэн хэргийг харьяалан шалгах бүтцийг хэрхэн байгуулах талаар судлах ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Нямбаатар энэ талаар, “Миний бие тэр ажлын хэсгийг ахлаад 5-6 удаагийн хуралдаан хийсэн. Одоо дүгнэлтээ гаргах гэж байгаа юм. Ажлын хэсгийн зорилго бол энэ хууль хяналтын байгууллагын бусармаг үйл ажиллагааг яаж таслан зогсоох вэ, ямар бүтэцтэй байгууллага байгуулах вэ гэдэг санал зөвлөмж боловсруулах. Бид 14 хоногийн өмнө хуралдаад бүх хууль хяналтын, хүчний байгууллагаас саналуудаа аваад энэ долоо хоногт дуусч байна. Товчхон хэлбэл, тусгай субьектуудын үйлдсэн хэргийг шалгадаг байгууллагыг гүйцэтгэх засаглалын дэргэд байгуулах санал дүгнэлтэд хүрээд байна” гэсэн мэдээлэл өгөв.
Одоогийн байдлаар ЦЕГ-ын Тусгай субьектын үйлдсэн хэргийг шалгах хэлтэс болон АТГ-т Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд харьяалан шалгадаг байсан хэргүүдийг шалгаж байна. Прокурорын байгууллага бага ард түмэн гэгддэг УИХ-д ажлаа тайлагнадаг. Бүх ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлдэг Улсын ерөнхий прокурорын дэргэд Мөрдөн байцаах албыг байгуулсан нь хараат бусаар ажиллуулах гэснийх. Харин тус албыг Үндсэн хуулийн бус байгууллага гэж үзэн татан буулгасан юм.
Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг Засгийн газрынх. Харин УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг “Прокурорын мөрдөн”-г Засгийн газрын дэргэд байгуулах гэж байгаа нь маргаан дагуулж болзошгүй. Учир нь, харьяалан шалгадаг албан хаагчид нь Засгийн газрын агентлагуудынх юм.