Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа. Шинэ коронавирусийн халдварын эрсдэлийг бууруулах, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2-р сарын 13-ны өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай тогтоол гарлаа.
Засгийн газар Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзэв.
Иргэд зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд, аль болох цомхон тэмдэглэх нь нээлттэй.
Гагцхүү золгуут хийхээр айл хэсэхгүй, олноороо нэг дор цугларахгүй байж болзошгүй эрсдэлээс өөрийнхөө болон бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалахыг уриаллаа.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байгаатай холбогдуулан:
Халдварын болзошгүй аюулаас сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор УОК-ын 2020 оны 2-р сарын 10-ны өдрийн шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлигтүндэслэн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх заалтыг тогтоолд орууллаа. Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлнэ.
Коронавирусийн халдварын тархалтын оргил үе хоёрдугаар сарын хоёрдугаар хагас буюу манай цагаан сарын өдрүүдэд таарч болзошгүй гэсэн тандалтыг олон улсын эрдэмтэд хийж байна.
ӨМӨЗО-ы Баяннуур аймгийн Халиут хот Гашуунсухайтын боомтоос 120 км-ын зайтай.
Мөн манайхтай хил залгаа Шинжаан Уйгурын өөртөө засах орны Хани аймгийн Бархөл хотод бас шинэ вирусийн халдвар бүртгэгдсэнийг зарлаж байна. Нөхцөл байдал амаргүй болсон учир сургууль, цэцэрлэгийн хөл хориог үргэлжлүүлэн сунгаж болно.
Гамшгаас хамгаалах тухай хуульд өндөржүүлсэн бэлэн байдлын тухай зохицуулалт бий. Уг хуульд:
Гамшгийн зарлан мэдээллийн дохиог хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, хэрэгжүүлэх ажлыг нэн даруй хийх
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлнэ.
Магадгүй сар шинийн өдрүүдэд төрийн байгууллагууд ажиллах нөхцөл үүсэж болзошгүй.
Хорио цээрийн дэглэм тогтоох, хүч хэрэгсэл гамшгийн болон орон нутгийн нөөцийг дайчлах. Одоогоор хорио цээрийн дэглэм тогтоогоогүй, цаашдын нөхцөл байдлыг харж шийдвэрлэнэ.
Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага нь өндөржүүлсэн бэлэн байдлын үед гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авч дамжуулна.