Хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймагт нэгэн бүсгүй амиа алдсан хэрэг гарсан.
Тодруулбал Есөнбулаг сумын харьяат 30 настай эмэгтэй автомашиндаа нас барсан байсныг олж, аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Уг бүсгүй нь Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажилладаг байсан бөгөөд тус аймгийн ЗДТГ-т өчигдөр шөнө дарга нартай архи уусан гэх албан бус мэдээлэл байсан.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан М.Мөнхшүр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнөөдөр өглөө буюу хоёрдугаар сарын 19-ний үүрээр 04:20 минутын орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд иргэн автомашиндаа нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн, ахлах мөрдөгч нар хэргийн газарт ажиллалаа.
Тухайн хэргийн газарт 30 настай эмэгтэй Б гэгч нас барсан нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Урьдчилсан байдлаар аймгийн Засаг дарга, удирдлагууд болон нэр бүхий субьектууд ЗДТГ-ын аль нэг өрөөнд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогдон шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Талийгаач Б ямар шалтгааны улмаас нас барсан, шалтгаан нөхцөлийг тогтоохоор шүүх эмнэлэгт задлан шинжээч томилоод, шинжээчийн дүгнэлт гарахыг хүлээж байна” гэлээ.