Европ тивд Covid-19 вирусийн голомт болоод байгаа Итали улс өчигдөр тархалтыг зогсоох зорилготой бас нэг арга хэмжээг танилцуулжээ.
Тус улсад үйл ажиллагаа явуулдаг бүх үйлчилгээний газрууд, баар ресторанууд хаагдахаар болсон байна.
Зөвхөн супермаркет, хүнсний дэлгүүр, эмийн сангууд энэ үеэр ажиллах болсныг Италийн ерөнхий сайд Жюзеппе Конте телевизээр ард түмэндээ хандаж мэдэгджээ.
Мөн аж ахуйн нэгжүүдэд онц шаардлагагүй салбаруудаа хаах шаардлага хүргүүлсэн байна.
Өчигдөр Итали улсад коронавирусийн халдварын улмаас 196 хүн нас барж, нийт эндэгдлийн тоог 827 болгосон юм. Энэ нь тус улсын хувьд 24 цагийн хугацаанд хамгийн олон хүн нас барсан тохиолдол болжээ.
Итали даяар илэрсэн халдварын тохиолдлын тоо өчигдөр 12,462 хүрсэн байна. Өмнөх өдөр нь энэ тоо 10,149 байжээ.
Үйлчилгээний газруудыг хаах арга хэмжээ өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 25 хүртэл үргэлжлэх юм.
Өчигдөр бас ерөнхий сайд Жюзеппе Конте коронавирусийн гамшигт нэрвэгдсэн эдийн засгаа аврахад 25 тэрбум еврог зарцуулах болсноо зарласан байна.
Ердөө долоо хоногийн өмнө тэрээр энэ үйлсэд 7.6 тэрбум евро шаардлагатай гэж мэдэгдэж байжээ.
Эх сурвалж: Reuters