Төр түшилцсэн эрхмүүд ард түмний аж амьдралыг өөд татахаас илүүтэй хамаатан садныхаа түрийвчийг түнтийлгэх ажлыг түлхүү хийдэг. Үүний нэг жишээ УИХ-ын гишүүн М.Оюунчимэг. Түүний хувьд өнгөрсөн 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүний зөөлөн, хаялга ихтэй суудалд тухалж амжсан.
Эрхэм М.Оюунчимэг гишүүн энэ суудал ямар хаялгатай байв. Тэрбээр гишүүн болохынхоо өмнө жил буюу 2015 онд жилийн 14 сая төгрөгийн орлоготой байж. Харин 2016 онд жилийн 156 сая төгрөгийн орлого олж, огцом баяжжээ. Харин 2017 оноос ХОМ-доо их даруухнаар буюу 22 сая төгрөгийн жилийн орлоготой гэж мэдүүлсэн байгаа юм. Өнгөрсөн онд ч мөн түүний жилийн орлогод өөрчлөлт орсонгүй.
М.Оюунчимэг гишүүний хувьд 870 сая төгрөгийн хоёр байртай. Suzuki,Grand Vitara ,BMW-528 маркийн 128 сая төгрөгийн өртөг бүхий хоёр машинтай. Бараг нэг га газартай ч үүнийгээ үнэлээгүй. 251 сая төгрөгийн хадгаламжтай, 220 сая төгрөгийн зээлтэй гэжээ.
Эрхэм гишүүний ХОМ-оос анхаарал татаж байгаа зүйл бол түүний гэр бүлийн гишүүдийн орлого. Гэр бүлийн гишүүд нь 2015 онд 30 сая төгрөг, 2016 онд 70 сая төгрөг, 2017 онд 357 сая төгрөг, 2018 онд 461 сая төгрөгийн орлого олсон байна. Нэг үгээр эрхэм гишүүний гэр бүл өнгөрсөн дөрвөн жилийн дотор орлогоо 15 дахин нэмэгдүүлж чадсан байгаа нь яах аргагүй анхаарал татаж байна.
Төрсөн эгчийгээ төрийн албанд томилуулж хэсэгтээ шуугиан тарьсан эрхэм гишүүн өнгөрсөн жилүүдэд гэр бүлдээ ч бас багагүй анхаарал хандуулж, хэтэвчээ зузаалж авчээ.
оллоо.мн