БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны эрүүл мэндийн талаарх таамаглалууд газар авч эхэллээ. БНХАУ-ын эмч нарын баг Пхеньянд очсон тухай болон Ким Чен Уны хуягт галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой мэдээллүүд одоогоор баталгаажаагүй байна.
БНХАУ-ын тал эмч нар болон дипломатуудаа БНАСАУ руу илгээсэн гэж “Reuters” ойрын эх сурвалжийг эш татан мэдээлжээ. Мөн ням гарагт “38 north” веб сайтад нийтэлсэн хиймэл дагуулын зургаас харахад Ким Чен Уны хуягт галт тэрэгтэй адилхан галт тэрэг Воньсань хот дахь байгууламжийн ойролцоо байжээ.
36 настай удирдагчийг зүрхний мэс засалд орж, биеийн байдал нь хүнд байгаа талаар АНУ-ын албаны хүмүүс мэдээлсний дараа тодорхойгүй зүйл олон байсаар байна. Ким Чен Уныг 2011 онд Төрийн эрхэнд гарснаасаа хойш багагүй жин нэмсэн гэж мэдээлж байгаа аж. Тэрбээр сүүлийн хоёр долоо хоног олны өмнө гараагүй юм. Хэдий тийм боловч БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Иний Гадаад бодлогын зөвлөх Чун Ин Мун “БНАСАУ-ын удирдагч амьд сэрүүн, бие нь сайн байгаа” гэж CNN-д ярилцлага өгөх үедээ хэлжээ.