Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан олон нийтийн дундаас халдвар гарч буй байдал болон хавьтлын хүмүүсийг тогтоох, халдвар авсан уг шалтгаан хаанаас вэ гэдэгт хариулт өгсөн юм.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Баянзүрх дүүргийн эмнэлэгт томоохон хэмжээний голомт үүссэнтэй холбоотойгоор тус дүүрэгт өргөжүүлсэн тандалт шинжилгээг хийж ажилласан. Энэ хүрээнд 85 мянган өрхөөс шинжилгээ авсан. Ингэхэд дүүргийн нэгдсэн эмнэлэгт ямар нэг холбоогүйгээр халдвар авсан тохиолдол гараагүй байсан. Гэвч ойрын хоёр өдөр голомттой холбоогүйгээр халдвар илэрсэн тохиолдол гарлаа.
Эх үүсвэр тодорхойгүй дөрвөн голомт гараад байсан. Тухайлбал,
Мөнххада компанид гарсан халдвар,
Баянзүрх дүүрэгт хийсэн шинжилгээнд ирсэн гэр бүлийн хоёр хүн,
Баянгол дүүрэгт сайн дураар шинжилгээ өгсөн хоёр хүн,
Баянзүрх дүүрэгт биеийн дархлаа султай нэг хүнээс мөн халдвар илэрсэн. Ингэснээр эх үүсвэр тодорхойгүй дөрвөн голомт гараад байлаа.
Өөрөөр хэлбэл, ард иргэдийн дунд байсан 18 хүнээс халдвар илэрсэн.
Эдгээрийн эх үүсвэрийг судалж үзэхэд Баянгол дүүрэгт сайн дураар шинжилгээ өгсөн хоёр иргэн болон Баянзүрх дүүрэгт шинжилгээ өгсөн нэг гэр бүлийн халдварын эх үүсвэр нь Баянзүрх нэгдсэн эмнэлгээс улбаатай нь тогтоогдсон.
Харин дархлаа султай, гэртээ ганцаараа амьдардаг ахмад настан болон Мөнххада компанийн ажилчид ямар эх үүсвэрээс халдвар авсан нь тогтоогдоогүй хэвээр байна. Эх сурвалж тогтоогдоогүй хоёр голомт байна.
Өнөөдрийн нөхцөл байдлыг голомтолсон хэлбэрээр тархаж буй халдвар гэж үзнэ. Илэрсэн шинэ голомтуудыг ойрын болон хоёрдогч хавьтлын шинжилгээ хэрхэн гарахаас их зүйл шалтгаалж, цаашид авах арга хэмжээ тодорхой болно” гэлээ.