БНСУ-ын “Samsung” компани ухаалаг гар утасныхаа шинэ загваруудыг ирэх долоо хоногт танилцуулна гэдгээ өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ.
“Samsung” компани “Galaxy S21” загварын шинэ гар утаснуудаа энэ сарын 14-нд болох “Galaxy Unpacked” цахим арга хэмжээнийхээ үеэр олон нийтэд танилцуулах ажээ.
“Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хүмүүс алсаас ажиллаж, гэртээ илүү их цагийг өнгөрүүлэх болсонтой холбоотойгоор хөдөлгөөнт технологи өдөр тутмын амьдралын гол хэсэг боллоо. Үүнтэй зэрэгцэн олон үйлдлийг нэгэн дор гүйцэтгэх чадвартай төхөөрөмжүүдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна” гэж “Samsung”-ийн “Galaxy Unpacked” үйл ажиллагааны урилгад онцлон тэмдэглэжээ.
Дэлхийд ухаалаг гар утасны борлуулалтаараа тэргүүлэгч “Samsung” шинэ ухаалаг гар утаснуудаа танилцуулдаг “Galaxy Unpacked” үйл ажиллагаагаа жил бүрийн хоёрдугаар сард зохион байгуулдаг боловч зах зээлийн тулгарч буй сорилтуудыг даван туулахын тулд энэ удаа ийнхүү эрт танилцуулахаар шийдвэрлэсэн байна.
“Samsung” компани шинэ гар утаснуудынхаа үзүүлэлтийг хараахан танилцуулаагүй байгаа боловч эх сурвалжуудын мэдээлснээр, 6.2 инчийн дэлгэцтэй “S21”, 6.7 инчийн дэлгэцтэй “S21 Plus”, 6.8 инчийн дэлгэцтэй “S21 Ultra” хэмээх гурван гар утсыг зах зээлд нийлүүлэх төлөвтэй байгаа ажээ.