Монгол Улсад коронавирусний вакцин энэ оны эхний улиралд багтан орж ирэх тухай Шадар сайд Я.Содбаатар мэдэгдээд байгаа. Иймээс вакцин тойрсон зарим асуудлаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодрууллаа.
-ДЭМБ Файзерын вакциныг бүртгэсэн. Гэхдээ онцгой нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрсөн жагсаалтад оруулснаа зарласан. “Онцгой нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрнө” гэдэг нь ямар утгатай тодорхойлолт вэ, бүрэн баталгаажуулахаас ялгаатай юу?
-Вакцины талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай мэргэжилтнүүд судалж байгаа. Монгол Улсын хэмжээнд вакцины асуудлыг шийдвэрлэх талаар хурал яг одоо энэ үед ЭМЯ-нд болж байна. Монгол Улс дархлаажуулалтын хуультай улс орон. ДЭМБ-ын сертификаттай, баталгаажсан вакциныг хүн ардад хийдэг зарчимтай. Иймээс ДЭМБ-ын баталгаажуулсан вакциныг хэрэглэхийг зорьж байгаа. Гэхдээ вакциныг хүлээж авах, хадгалах, тээвэрлэх нөхцөл маш нарийн учир гүнзгийрүүлсэн судалгааг хийж байна. Аль вакциныг авах талаар эрэлхийлсэн эцсийн шийдвэр гараагүй байна.
-Мутацид орсон коронавирус дэгдээд эхэллээ. Файзерын вакциныг хийлгэсэн хүн мутацид орсон вирусээр халдварлах эрсдэл бий юу. Энэ талын судалгааг манайхан хийж байна уу?
-Вирус мутацид ороход вакцин хийхэд хэцүү болдог. Тиймээс үргэлжлэн мутаци явагдаад байгаа учир ямар вакцин авах талаар манай улс орон анхааралтай ажиллах байх гэж бодож байна. Өнөөдрийн хувьд, би ийм л мэдээлэл өгч чадах байна. Эцсийн шийдвэр гарсны дараа тодорхой тайлбар өгье.