Нийслэл хотод гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг маргааш бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар А/06 тоот захирамж гаргав.
Захирамжид нэгдүгээр сарын 11-нээс үйл ажиллагаагаа эхлүүлэх байгууллага коронавирусний халдвараас сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг үйл ажиллагаандаа мөрдөхөд тавих шаардлага, хэрэгжилтийг хянах, удирдлагаар хангах, эрсдэлийг бууруулах ажлыг тогтмол зохион байгуулах, халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдүүлэх талаар тусгажээ.
Мөн халдварын тохиолдол бүртгэгдсэн хороо, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн ажиллах горим, үйл ажиллагааны чиглэл, иргэдийн хөдөлгөөний хүрээ, хязгаар тогтоож, халдвар хамгаалал, хорио цээр, хязгаарлалтыг чанд мөрдүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөнийг QR код ашиглан бүртгэх системийг иргэн, аж ахуйн нэгж байгууллага дагаж мөрдөхийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.
Түүнчлэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад хандан үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулах нөхцөл ханган, ажилтан албан хаагчдын 30 хүртэлх хувийг ажлын байранд, үлдсэн ажилтнаа гэрээс нь цахимаар ажиллуулахыг зөвлөв.
Захирамжид мөн үйл ажиллагааг нь хязгаарлах 18 чиглэлийг хавсралтаар баталжээ. Эдгээрт эрсдэлийн үнэлгээ, коронавирусийн тархалтын нөхцөл байдлаар хамаарч үе шаттай нээх юм.
Үйл ажиллагааг нь хязгаарлах салбар, чиглэл:
-Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа /бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа, гоо сайхны бараа, гар утасны төвлөрсөн худалдаа, засвар/
-Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт
-Бүх төрлийн баар
-Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
-Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
-Спортын арга хэмжээ /цанын бааз, заал, бильярд, фитнес, бүжиг, иогийн клуб
-Саун, бассейн
-Шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд
-Урлаг соёл, үзвэр үйлчилгээний газар
-Үсчин, гоо сайхан /гоо сайхан, хумс засал/
-Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв
-Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал
-Түргэн үйлчилгээний цэг
-Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг
-Нийтийн халуун ус
-Дуудлагаар гэр цэвэрлэх үйлчилгээ
-Дүрс бичлэг
-5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт