Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 90-ээд оны өмч хувьчлалын үед иргэдийн авсан цэнхэр ягаан тасалбарын талаар мэдээлэл өглөө.
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Тухайн үедээ ХК байсан боловч одоо хэлбэрээ өөрчилсөн 233 компани байна. Анх тэр компаниудын хувьцааг авсан хүмүүс яаж өөрчлөгдсөнийг нь мэдэхгүй явж байна. Мөн тухайн компаниуд хэлбэрээ өөрчлөхдөө хувьцаа эзэмшигчдээ зөвшөөрлийг авсан эсэх дээр маргаан буй.
Хувьцаат компани нь алдагдалтай ажилладаг боловч үйл ажиллагааг нь явуулдаг үндсэн компани нь ашигтай ажиллаж байгаа тохиолдол байна. Тэгэхээр ХК-ийн хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авах байтугай алдагдалтай гэдэг үгийг сонсож байдаг.
Эрдэнэс Таван Толгой ХК-ийн есөн жилийн өмнө олгосон хувьцаа бол тэр үеийн хүн амд тааруулсан зүйл. Тухайн үед 2.5 сая хүн амтай байсан манай улс одоо 3.2 сая хүн амтай болсон ба хувьцаа олгосноос хойш төрсөн 800 мянган хүний хувьцааг яах талаар хэлэлцэж байна.
Мөн Эрдэнэс Монгол компанид Монгол улсын иргэн бүрийн нэг алтан хувьцаа байршдаг. Энэ хувьцааны талаарх мэдээлэл огт нээлттэй бус. Тиймээс компаниудыг мэдээллээ ил болгохыг үүрэг болгож байна” хэмээв.