Ихэнх айл өрх гэртээ кофе чанагч, ус буцалгагч, телевизор, угаалгын машин, интернетийн модем, утасны цэнэглэгч, хөгжим тоглуулагч болон гэрэлтэй олон залгуур зэргийг бүрэн унтраалгүйгээр орхидог. Эдгээр нь хэрэглэгдээгүй үедээ эрчим хүчнийг хороосоор байдаг. Үүнээс харахад айл өрхийн цахилгаан эрчим хүчний 10-20%-ийг шимэгч хорхойнууд шимж дэмий зардлыг үүсгэдэг байна.
Бяцхан тооцоолол хийе.
Гар утасны цэнэглэгч тогонд сул залгаатай байхдаа 0.5 watt цахилгаан эрчим хүч зарцуулдаг ба цагт 0.05 төгрөг, өдөрт 1.2 төгрөг, сард 36.50 төгрөг, жилд 438.05 төгрөгийн зардал гаргадаг. Улаанбаатар хотын хүрээнд 320,000 айл өрх байдаг ба айл болгон гэртээ дор хаяж 1 гар утасны цэнэглэгч сул залгаатай орхисон гэж тооцоход жилд 140,176,000 төгрөгийн зардал гарна.
Ажлын өдрүүдэд цайндаа гарахдаа компьютероо бүрэн унтраалгүй асаалттай орхиход дунджаар 20 watt цахилгаан эрчим хүч зарцуулдаг. Цайны нэг цагийн хугацаанд өдөрт 2 төгрөг, сард 60.84 төгрөг, жилд 730.08 төгрөгийн зардал бий болно. Улаанбаатар хотын 27,000 аж ахуй нэгж байгууллага бүр 20 компьютертой гэж үзвэл өдөр болгон нэг цагийн дэмий хэрэглээнээс үүдэн жилд 394,243,200 төгрөгийн зардал үүснэ.
Орон сууцны байр болгон орой үдийн цагаар орцондоо гэрэл асаасан байдаг. Хүн яваагүй ч байнгийн гэрэл асаалттай байдаг. 60 watt-ийн 1 ламп өдөрт 10 цаг ажиллуулахад сард 1825.20 төгрөг, жилд 21902.40 төгрөгийн зардал гарна. Орон сууцны орц болгон хамгийн багадаа энэхүү зардлыг гаргана гэж үзвэл 20,000 орон сууц жилд 438,048,000 төгрөгийн цахилгаан эрчим хүчний зардлыг үүсгэнэ.
Сарын төлбөр нь дунджаар 20,000 төгрөг гардаг айлын эрчим хүчний зардлын 20% буюу 4,000 төгрөг нь шимэгч хорхойнуудаас үүдэлтэй. Улаанбаатар хотын 320,000 айл өрх 1,280,000,000 төгрөгийн үрэлгэн зардлыг 1 сарын хугацаанд үүсгэдэг байна. Жилээр бодож үзэхэд энэ асар их мөнгө юм. Энэ их мөнгөөр 100 ортой 10 ширхэг хүүхдийн цэцэрлэг барих боломжтой.