Манай улсын хүлээн авах Английн Оксфордын их сургуулийн бүтээсэн AstraZeneca вакциныг хоёр тунгаар дархлаажуулна.
Аливаа вакциныг заасан хугацаа, товлосон цагтаа хийлгэж байж судалгааны үр дүнтэй ижил хэмжээний үр дүн гарна. Иймээс товлосон цаг хугацаандаа хийлгэх ёстой.
Их Британид хийсэн судалгаагаар AstraZeneca вакциныг хийлгэсний дараа хэсэг газрын урвал илэрсэн тухай мэдээлэл бүртгэгдсэн. Энэ нь 1,000 хүн/тун вакцинд хэсэг газрын урвал 3-4 тохиолдол бүртгэгдэж байжээ. Бусад вакцинтай харьцуулахад энэ нь вакцины дараа илэрч болох хэсэг газрын урвал илрэх түвшинд байна гэсэн дүгнэлт гарсан.
Бусад шинж тэмдгүүдийн тухайд:
- Томуу төст өвчний шинж буюу толгой өвдөх
- Бага зэрэг халуурах шинж тэмдгүүд бүртгэгдэж байсан нь хэсэг газрын урвал өгөх тохиолдлоосоо цөөн байсан байна.
Вакцины дараа илэрдэг урвалыг цаг хугацаанд нь мэдээлж, эмчийн заавраар хариу арга хэмжээг авах нь зүйтэй.
Коронавирусийн эсрэг вакциныг халуунтай байгаа үед болон халдварт өвчнөөр өвдсөн хүмүүст хийхгүй. Тухайн иргэн вакцин хийлгэхээсээ өмнө эмчийн асууж буй асуултад үнэн зөв хариулж байж вакцины эсрэг заалтыг мэдэж, вакцин хийлгэх болох эсэхээ шийднэ. Эмчийн үзлэгт хамрагдаж байж дархлаажуулалтад хамрагдана.
Вакцины зориулалтын тариурын хувьд нөөцтэй байгаа. AstraZeneca вакциныг хийх 0.5 мл-ийн зориулалтын тариур нөөцөд бий. Цаашид хийх тариураа захиалсан. Вакциныг тариуртай нь хамт өгдөг.