“Токио-2020” зуны наадам нь спорт дахь хүйсийн тэгш байдлыг хангасан анхны олимп болно. Учир нь тус наадамд оролцох тамирчдын 49% нь эмэгтэйчүүд аж.
Холимог хосын төрлийг 18 хүртэл тоогоор нэмэгдүүлсэн нь “Рио-2016” олимпыг давсан үзүүлэлт бөгөөд Олон улсын олимпын хороо болон “Токио-2020” олимпыг Зохион Байгуулах Хорооноос дараах шаардлагыг тавьж байгаа аж. Үүнд:
- 206 улс орны олимпын хорооны багийн бүрэлдэхүүнд дор хаяж нэг эмэгтэй тамирчин багтсан байх. Энэ нь олимпын эрх авах чадвар хомс, маш сул бөгөөд цөөхөн баг бүрэлдэхүүнтэй хөгжиж буй орнуудын олимпын хороо болон исламын хатуу чанга дэг жаягтай орны хороодод шууд хамааралтай.
- Үндэсний олимпын хороод нь нээлтийн ёслолын жагсаалд нэг эмэгтэй + нэг эрэгтэй тамирчнаар хамтдаа төрийн далбаагаа залахыг өргөнөөр дэмжин хэрэгжүүлэх
“Токио-2020” Зохион байгуулах хорооны Гүйцэтгэх зөвлөлд нэг дор 12 эмэгтэй гишүүнийг шинээр томилж, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 42-т хүрчээ. Түүнчлэн олимпын үеэр “Хүйсийн тэгш эрхийг дэмжих” тусгай баг ажиллуулахаар баталсан байна.
“Токио-2020” олимпыг Зохион байгуулах хорооны өмнөх Ерөнхийлөгч эмэгтэйчүүдийн эсрэг хэлсэн үгнийхээ төлөө огцорсон бөгөөд оронд нь хатагтай Сейко Хашимото хоёрдугаар сарын 24-нд томилогдсон юм.