– Танхимын хичээл дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөөд байгаа нь хэвээрээ юу?
– Нийслэл хот яг одоогоор халдварын голомтын идэвхтэй бүс хэвээр байна. Гэсэн хэдий ч бид танхимын хичээлийг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх бэлтгэл ажлыг одооноос хийж байна. Цар тахлын эсрэг авч байгаа арга хэмжээнүүдийн үр дүн тодорхой болчихно гэж үзэн танхимын хичээл эхлүүлэх хугацааг дөрөвдүгээр сарын 1-н гэж товлосон. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ барьж, онцгой байдлын үед мөрдөх дүрэм журмаа баримталж хичээлийг танхимаар эхлүүлэх бэлтгэл ажил, зохион байгуулалтыг хангана. Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж эцсийн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргана.
– Өмнө нь нийслэлийн танхимын хичээлийг гуравдугаар сарын 10-н гэхэд эхлүүлэх бэлтгэл ажлыг аль хэдийнэ хангасан гэж мэдээлж байсан шүү дээ.
– Бид танхимаар хичээл эхлэхэд шаардагдах зүйлс, ариутгал халдваргүйтгэлийн баримтлах дүрэм журам гээд холбогдох бэлтгэл ажлыг нэгдүгээр сарын 20-ноос эхлэн хангасан. Одоо нийслэлийн хэмжээнд бүх цэцэрлэг, сургуулийн ажилтнууд ариутгал халдваргүйтгэлийн болон хичээл эхлэхэд бэлэн байдлаа хэрхэн хангасан байх талаарх сургалтдаа хамрагдчихсан. Мөн багш нар мэргэжлийн бүлэг сүлжээгээрээ дамжуулан ямар суурь агуулгад тулгуурлаж хичээлээ удирдан зохион байгуулах, энгийн горимдоо хэзээ шилжих гээд бүх мэдээллээ авчихсан.
Өөрөөр хэлбэл, сургалт зохион байгуулах, холбогдох бүх арга хэмжээнүүдийг авсан гэсэн үг. Бэлэн байдлын тухайд боловсролын байгууллагаас шалтгаалахгүй гадаад нөхцөл байдлыг хэлж байна. Жишээ нь, халдварын голомт хумигдахгүй, тархалт хэвээр байвал яах вэ, вакцинжуулалтын үр дүн, нийтийг хамарсан шинжилгээний үр дүн хэрхэн гарах вэ гэдгийг харгалзана. Өөрөөр хэлбэл, боловсролын байгууллагын дотоод үйл ажиллагаанаас хамаарахгүй бусад хүчин зүйлийн бэлтгэл ажлыг хэлж байгаа юм.
– Танхимаар хичээл эхлэхэд нэг ангид хэдэн хүүхэд сууж, хэдэн ээлжээр хичээллэх вэ?
– Боловсролын соёл шинжлэх ухааны сайдын цар тахлын голомттой үед хичээл сургуулийг эхлүүлэхэд баримтлах А/58 дугаар тушаалаар баталсан “ЕБС-ийн хичээл, сургалтын үйл ажиллагааг танхимаар зохион байгуулах түр журам”-ын хүрээнд хэрэгжүүлнэ. Үүнд анги танхимын хэмжээнээс хамаараад нэг ангид суух сурагчдын тоо 20±5 гэсэн байдлаар зохицуулсан. Мэдээж хүүхдийн тооны хязгаартай зэрэгцэн зай барих дэглэм мөрдөгдөнө.
Нийслэлийн төрийн өмчийн сургуулиудын бүлэг дүүргэлт 36.9, ээлжийн коэффициент 1.9 байдаг буюу хоёр ээлжээр хичээллэдэг ачаалал өндөр байдаг учраас танхимын болон танхимын бус хичээлийг хосолсон байдлаар явуулна. Жишээ нь, 3000 хүүхэдтэй сургууль сурагчдаа 1500, 1500-аар нь хувааж долоо, долоо хоногоор ээлжлэх юм. Мөн хоёр ээлжээр хичээллэхэд сурагчдыг 750, 750-аар нь хуваан, бөөгнөрлийг багасгахын тулд сургуулийн давхар хоорондын ангиудад тараан хичээллүүлэх гэх мэт зохицуулалтыг түр журамд багтаасан.
– Сургуулиудын байрыг коронавирусийн шинжилгээ авах цэг болгон ашиглаад удлаа. Үүнийг хэзээ зогсоох вэ? Одоогоор хэдэн сургуулийг ашиглаж байна вэ?
– Нийслэлийн боловсролын газраас өгч буй мэдээллээр 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс цар тахал тархаж, боловсролын байгууллагуудын байрыг ПСР шинжилгээ авах цэг болгосноос хойш нийт 81 цэцэрлэг, сургуулийн байрыг ашиглажээ. Одоогоор 13 сургуулийн байрыг шинжилгээний цэг болгон ашиглаж байна. Танхимын хичээлийг дөрөвдүгээр сарын 1-нд эхлүүлэх бэлтгэл ажилтай холбогдуулан энэ сарын сүүлийн хагаст тус сургуулиудыг бүрэн чөлөөлж, ариутгал халдваргүйтгэлийг хийх чиглэлээр заавар зөвлөмж өгч ажиллаж байна.