УОК-ын Шуурхай ажлын хэсгийн өчигдрийн хуралдаанаар халдварын тохиолдол олон илэрсэн байршлуудад хэсэгчлэн хөл хорио тогтоох тухай хэлэлцжээ.
Мөн цар тахлын үeийн шар буюу хоёрдугаар зэрэглэлд дагаж мөрдөх түр журмын хүрээнд зарим үйл ажиллагааг нэмэлт зохицуулалтаар зохион байгуулахаар заасан. Энэ дагуу зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлах саналыг УОК -ын хурлаар оруулж шийдвэрлүүлэхээр болжээ.
Караокег 14 хоног хаана
Энэ талаар УОК-ын дарга С.Амарсайхан “Асуудал гаргаад байгаа худалдаа үйлчилгээний газруудыг ажиллуулахгүй байх шийдвэр гаргана. Караоке болон ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг газруудын үйл ажиллагааг хязгаарлана. Караокег 14 хоногийн хугацаатай хаана” гэв.
Харин УОК өнөөдөр 14:00 цагаас хуралдаж эхэлжээ. Өнөөдрийн хуралдаанаар үзвэр үйлчилгээ болон үйлчилгээний газрын үйл ажиллагааг зогсоох зохицуулалт хийх тухай хэлэлцэж байна.
Коронавирусийн халдвар Улаанбаатар хотод эрчимтэй нэмэгдэж өнөөдөр хамгийн олон буюу 169 тохиолдол шинээр батлагдаад байгаа билээ.