БНАСАУ улсынхаа нутаг дэвсгэрээс пүрэв гарагт хоёр баллистик пуужин харвасан гэж Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ мэдэгдлээ.
С.Ёшихидэ сүүлд харвасан пуужингуудын талаарх мэдээллийг цуглуулахыг холбогдох албаны төлөөлөгчдөд үүрэг болгожээ. БНАСАУ 2020 оны гуравдугаар сарын 29-нөөс хойш анх удаа баллистик пуужин харвасан нь энэ юм.
БНАСАУ-ын зүүн эргээс харвасан пуужингууд Японы газар нутаг, эдийн засгийн онцгой бүсийн гадна газардсан байх төлөвтэй байгааг Японы Засгийн газрын төлөөлөгч мэдээлжээ.
БНСУ-ын Штабын дарга нарын хорооноос БНАСАУ Япон тэнгис рүү хоёр пуужин харвасан гэдгийг мэдээлсэн боловч одоогоор нарийн дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
С.Ёшихидэ Засгийн газрын хариу арга хэмжээний талаар хэлэлцэхээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан зарлажээ.
БНАСАУ өнгөрсөн долоо хоногт ойрын зайн тусгалт зэвсэг туршсан талаар АНУ, БНСУ-ын Засгийн газар саяхан мэдээлээд байсан юм.
АНУ-ын хувьд өнгөрсөн долоо хоногт болсон туршилтыг “цэргийн ердийн ажиллагаа” гэж үзсэн бол баллистик пуужин харвах нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчсөн үйлдэл болно.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа БНАСАУ-ыг чиглэсэн бодлогоо хянан нягталж байгаа бөгөөд АНУ, Япон, БНСУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүд ирэх долоо хоногт Вашингтон хотноо уулзаж, бодлогоо уялдуулахаар төлөвлөж байгаа юм.