АНУ-ын Вашингтон Д.С. хотноо төвтэй ардчилал, хүний эрх, улс төрийн эрх чөлөөний төлөөх олон улсын “Freedom House” ашгийн бус байгууллага “Freedom in the World” буюу Дэлхийн эрх чөлөөний нөхцөл байдал 2021 тайланг танилцууллаа. /Судалгааны эмхтгэлтэй танилцах./
Судалгааны тайланд дурдсанаар 2020 онд дэлхийн 73 улсын ардчиллын үзүүлэлт буурсан нь сүүлийн 15 жилийн хамгийн муу үзүүлэлт бөгөөд 28 улсын ардчилал сайжирсан нь мөн л хамгийн тааруу үзүүлэлт аж. Үндсэндээ 2005 оноос эхлэн жил бүр ардчиллын үзүүлэлт нь буурсан орны тоо ардчиллын үзүүлэлт сайжирсан орнуудаас их байсаар иржээ. Харин 2021 онд энэ зөрүү 45 болсон нь түүхэн дэх хамгийн хөл зөрүү болж байна.
Дэлхийн эрх чөлөөний нөхцөл байдал 2021 тайланд Финланд, Норвеги, Швед зэрэг Скандинавын орнууд тус бүр 100 оноогоор тэргүүлсэн байна. Эдгээр орнууд нь улс төрийн эрх чөлөөний үзүүлэлтээр 40, иргэний эрх чөлөөгөөр 60 оноо буюу боломжит хамгийн өндөр оноог авчээ.
Тэдний араас Шинэ Зеланд – 99, Голланд, Уругвай, Канад – 98, Австрали, Ирланд, Люксенбург, Дани – 97, Бельги, Япон, Португали болон Швейцар – 95 оноогоор тус тус бичигдсэн байна. Харин Хойд Солонгос – 3, Өмнөд Судан, Эритрей, Туркменистан -2, Сири болон Төвд – нэг оноогоор сүүл мушгиснаар хамгийн ардчилал, эрх чөлөөгүй орнуудад тооцогдлоо.
Манай хоёр хөрш орны хувьд ОХУ улс төрийн эрх чөлөөний үзүүлэлтээр 5 оноо, иргэний эрх чөлөөний үзүүлэлтээр 15 оноо буюу нийт 20 оноогоор 170-д эрэмбэлэгдсэн бол БНХАУ улс төрийн эрх чөлөөгөөр -2, иргэний эрх чөлөөгөөр 11, нийт 9 оноогоор 193-д бичигджээ. ОХУ болон БНХАУ нь хоёул эрх чөлөө, ардчилалгүй орнуудад тооцогдож байна.
Тэгвэл Монгол Улсын хувьд Дэлхийн эрх чөлөөний нөхцөл байдал 2021 тайланд улс төрийн эрх чөлөөний үзүүлэлтээр 36 оноо, иргэний эрх чөлөөний үзүүлэлтээр 48 буюу нийт 84 оноогоор дэлхийн 210 улсаас 55-д Аргентин болон Сан Томе ба Принсип арлын хамт бичигдсэн байна. Манай улс уг судалгаагаар сүүлийн 7 жил тасралтгүй ардчилал, эрх чөлөөтэй оронд тооцогдож байгаа юм.
Харин манай улсын ард 83 оноогоор АНУ, Өмнөд Солонгос, Румын, Монако болон Панам зэрэг орнууд бичигдэж байна. Хэдий Монгол Улс Дэлхийн эрх чөлөөний нөхцөл байдал 2021 судалгааны нийт үзүүлэлтээр АНУ болон Өмнөд Солонгосын өмнө бичигдэж байгаа ч иргэний эрх чөлөөний үзүүлэлтээр тэдний ард яваа юм.
Тухайлбал, иргэний эрх чөлөөний үзүүлэлтээр АНУ – 51, Өмнөд Солонгос – 50 оноо авсан бол Монгол Улс – 48 оноо авчээ. Эсрэгээрээ улс төрийн эрх чөлөөний хувьд Монгол Улс – 36, Өмнөд Солонгос -33, АНУ – 32 оноо тус тус авсан байна.
АНУ-ын хувьд сүүлийн 10 жилийн хугацаанд Дэлхийн эрх чөлөөний нөхцөл байдал судалгаагаар 11 оноо буурсан аж. Ажиглагчдын дүгнэснээр АНУ дахь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, Капитол хилл ордонд болсон эмх замбараагүй байдал зэрэг нь ардчиллын өлгий гэгдэх тус улсын үзүүлэлт буурах болсон шалтгаануудын илрэл аж.