УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшин өрсөлдөж байхдаа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт анхан шатны шүүхээс ял оноосон байдаг.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс түүнд 5.5 жилийн ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хассан юм.
Тэрбээр давж заалдах шатны шүүхэд хандсан ч шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн билээ. Харин Улсын Дээд шүүхээс УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт оноосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг багасгаж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, нэг жилийн хорих ял болгон өөрчилсөн.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт оноосон ялын хугацаа энэ долоо хоногт дуусгавар болж, суллагдахаар болжээ.