УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар тус асуудлыг хэлэлцээд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа гишүүд үг хэлсэн.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: МАН 100 жилийн ойгоороо Ерөнхийлөгчтэй болно гэж хэлснээс хойш алан хядах, дайрч давшлах, хүчээр түрий барих, хууль зөрчих ажлууд явж байна. Та нар бодоо болиоч ээ. Арай хэтэрч байгаа юм биш үү. Цэцийн нэг гишүүнийг хүртэл дайран довтолж аваад байх даа яах вэ. МАНАН, Хонгил устгая гэсэн юманд та нартай хамтаръя гэсэн чинь танай дотор бас МАНАН байна. МАНАН-ын үлдэгдлээ зайлуул. Би хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогтыг хэлж байна. Би 10 сар гаруй тэвчээрэй хараад явж байна. Бүх юмыг тайлбарлах юм. Дандаа улстөржсөн тайлбар хийнэ. Энэ хүн намайг Ерөнхий сайд байхад МАН-ын бүлгийн дарга байсан. Ц.Элбэгдоржийнд л байж байдаг хүүхэд байсан. МАНАН-ын л хүүхэд. Өнөөдөр тэр нь салаагүй, арилаагүй юм байна. Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг авчихаад ганц нэг томилгоог нь хүртэл дээрэмдэж авч байна. Бие даасан шүүхтэй болсон юмыг аягүй бол С.Бямбацогт замхруулах юм шиг байна. МАНАН-гийнхан. Энэ Монгол Улс болохоос МАН-ын улс биш үү.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Би 2012-2016 онд бүлгийн дарга байсан. Энэ үед Н.Алтанхуяг Ерөнхий сайд, АН-ын дарга байсан. МАН-ын бүлэг тухайн үед ажлаа хийж Н.Алтанхуяг Ерөнхий сайдыг огцруулсан. Энд л их өширхөөд байгаа юм шиг байна. Та настай хүн битгий их өширхөж бай. Н.Алтанхуяг өөрийгөө хөөрхөн гээд бодчихсон, ард түмэн хайртай гээд бодчихсон. Сайхан шоучин, сайхан худлаа ярина. Х.Баттулгыг дагаж явж байж хамаг юмаа цайруулчихаад юу яриад байгаа юм. Одоо нээх шударга, энхийн цагаан тагтаа. Тийм ухаантай байсан юм бол Ерөнхий сайд байхдаа эдийн засаг элгээр нь хэвтүүлсэн нь үнэн биз дээ.
УИХ-ын Д.Тогтохсүрэн: Гишүүд таван танхимд хуваагдаж сууж байгаа. Тиймээс гар өргөж санал хураая.