УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил, Г.Дамдинням нар “АН-ынхан Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нөлөөлөх зорилгоор 50 мянган ам.долларын гэрээ хийсэн” гэж мэдэгдэв.
Мөн “Олон улсын хууль бус лоббиг ил болгодог Foreign Lobby группээс АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны гарын үсэг бүхий 50 мянган ам.долларын гэрээг DCI компанитай байгуулжээ. Уг гэрээний хугацаа хоёр сар бөгөөд энэ сарын 12-ноос ирэх зургаадугаар сарын 12 хүртэл үргэлжлэх юм байна. Гэрээг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусахтай зэрэгцэн үйлчлэлийг нь зогсоож байгааг санаандгүй гэж харах аргагүй” гэдгийг УИХ-ын гишүүд онцоллоо.
Foreign Lobby группийн хөндсөн асуудлуудын үр нөлөө нь жилд 500 сая доллараар тоологддог бөгөөд үүсгэн байгуулагч Жулиан Пэкэ нь олон улсын лобби асуудлыг сурвалжилж олон удаа шагнал хүртсэн хүн юм байна.
Энэ мэдээлэл нь АНУ-ын цахим орчинд тархаад байгаа бөгөөд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “50мянган ам.долларын гэрээний асуудлыг гаднын хэвлэлүүд нийтлээд эхэллээ. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх энэ мэдээлэл худлаа юм бол Ц.Туваан гишүүн яаралтай арга хэмжээ авч хариулт өгөх хэрэгтэй. Улс орны нэр хүндтэй холбоотой асуудал шүү дээ” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.