Цагдаагийн ерөнхий газар болон Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс хүүхэд, өсвөр насныханд PUBG, Mobile Legend, DOTA-2, Counter-Strike: Global Offensive цахим тоглоомууд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж, эдгээр тоглоомын сүлжээнд Монгол Улсаас хандалт хийх эрхийг хаалгах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлжээ.
Учир нь цагдаагийн байгууллагын гэмт хэргийн статистик мэдээллээр жилд дунджаар 1100 орчим хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 1700 орчим хүүхэд гэмт халдлагад өртөж, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирдог байна. “2018-2020 онд хүүхдээс үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл”-ийг судлахад цахим тоглоом, дэлгэцийн донтолтын улмаас болон эцэг, эхийн хараа хяналт сул байдлаас үүдэн бусдын эд зүйлийг хулгайлах, дээрэмдэх, залилан мэхлэх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг ихэвчлэн үйлддэг гэсэн дүгнэлт гарсан байна. Иймд СЭМҮТ-өөс “хүчирхийллийн агуулгатай, тулаантай PUBG, Mobile Legend, DOTA-2, CSGO цахим тоглоомыг хаалгах нь зүйтэй” гэсэн зөвлөмж өгсөн.
Тоглоомонд донтсоноор бие хүний эмгэгтэй буюу хаана ч, хэнтэй ч таарахгүй зан авиртай болох, нойрны эмгэг, архаг ядаргаатай болох, нүд, толгойн өвчтэй болох, хичээлээ тасалж, хичээлдээ сонирхолгүй, идэвхгүй, залхуу болох, сургууль завсардах, хичээлийн хоцрогдол үүсэж, оюуны хоосролд орох, гадуур дэмий тэнэх, хүчирхийлэл үйлдэх эсвэл хүчирхийллийн золиос болж, хэрэг төвөгт орооцолдон, гэмт хэрэгтэн болох зэрэг эрсдэлтэй болохыг СЭМҮТ-өөс анхааруулсан байна.