Эмч Б.Болдсайхан коронавирусын вакцинжуулалттай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тодруулбал тэрээр: “Шинжлэх ухаан гэдэг чинь шашин шиг зүйл биш. Маш олон судалгааны төвүүд, олон хүн дээр хийгээд гарсан үр дүнгээ л ярьж байгаа шүү дээ. Ковид бол дэлхий дээр анхных. “Би анх удаа амьдарч байгаа учраас алдах эрхтэй” гэж бид нар ярьдаг шүү дээ. Монголчууд ч алдаж байгаа. Иргэд ч алдаж байна. Сүхбаатарын талбай дээр хэдэн мянгаараа үнсэлцээд л байж байна. Засгийн газар ч мөн алдаж байгаа. Бүх улсууд, тэр бүү хэл Америк ч алдсан. Америк ямар болсныг санаж байна уу? Нью-Иоркт өдийд аймшгийн байсан шүү дээ. Хүнээ тавих газар байхгүй, Дэлхийн II дайны үе шиг массаар нь оршуулж байна шүү дээ. Бүгд алдаж байгаа. Гэхдээ хамгийн бага алдах ёстой. Яагаад гэвэл энэ алдааны цаана хүний амь байдаг. Хүний өвчин зовлон гэр бүлээрээ сүйрдэг уй гашуу, эмгэнэл байдаг учраас хамгийн бага алдах ёстой. Бусад улсуудын туршлага, бусад орны өвчлөлийн хувь тэдэн хувь, вакцинжуулалтын хувь тэдэн хувь байна гээд байгаа нь харьцуулаад л тэдний алдаанаас суралцах ёстой.
Вакцин тариулангуут нь маргааш нь ид шидтэй болоод гадуураа хуяг хийчихсэн юм шиг болж байгаа юм биш.
Хоёрдугаарт нь огт өвдөхгүй гэсэн үг биш. Вакцин тарьсан ч тариулаагүй ч бүх хүн дээр халдвар орж ирнэ. Биенд нь ороод өвдөж эхлэх, огт өвдөхгүй байх гээд тодорхой юмнууд байгаа. Дэлхий даяар энэ 1,2-р вакцин хийлгэсэн хүмүүс нэлээн өндөр хувьтай. Тэдгээрээс 4-5% нь халдвар авч байна. Зарим орнуудад ямар мутац гэдгээсээ шалтгаалаад үүнээс ч өндөр байгаа.
Азаар Монголын Засгийн газар маш сайн ажилласан учраас Монгол харьцангуй бага байна. Би иргэн хүнийхээ хувьд, эмч хүний хувьд Монголын Засгийн Газарт, Ерөнхий сайдад, Гадаад Харилцааны Сайдад, Сангийн Сайдад, Онцгой комиссынхонд бүгдэнд нь талархмаар байна. Монгол Улс эдийн засгийн хувьд, эрүүл мэндийн системийн хувьд ч тийм баян тарган хүчтэй, чадалтай улс биш. Гэтэл жилийн өмнө Хятадууд дэлхийн хоёр дахь том эдийн засаг хэдэн арван мянгаараа хэвтээд, гудамжинд үхээд, яаж сүйрч байлаа. Хятад байтугай Америк, Солонгос, Итали, Франц, Европын хамгийн хүчтэй том улсууд, Герман хүртэл яаж уйлж байлаа. Бүх эмнэлгүүд нь хүнээ авч чадахгүй дүүрчихсэн хүнд нөхцөлд байсан. Манай Засгийн Газар, Онцгой байдлын комисс, Эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн салбар Эрүүл мэндийн яам сайн ажиллаад хүмүүс өндөр боловсрол, ухамсартай учраас энэ өндөр түвшинд 99% хүртэл 1-р тунгаа, 63% хүртэл 2-р тунгаа хийлгээгүй байсан бол яг өнөөдөр дархвар судлаачид, математикчдын прогнозоор бол доод тал нь өдөртөө 10-20 мянган хүн өвдөөд 1000-аас дээш үхэлтэй байх байсан.
Бүх эмнэлэг дүүрээд яг жилийн өмнөх Итали, Франц, Герман, Америк шиг зөвхөн яг үхэх гэж байгаа хүмүүсээ аппаратанд авна. Тэр хүмүүсээ хүртэл заримыг нь бүр авраад ч нэмэргүй гэдэг дээрээ тулаад улс даяараа тиймэрхүү эмгэнэлтэй хүнд байдалд байхаар байсан . Өнөөдрийн мэдээ чинь 1300 гэсэн. Хоёр сая хүнээс 1300 гэдэг бол их бага хэмжээ. 0,3% байна гэсэн үг. Энэ бол байх л үзэгдэл нь.. Энэ вакцинаа хийлгэсэн хүмүүсийн хувьд хүндэрч өвдөх нь харьцангуй бага. 2-р тунгаа хийлгэсэн хүмүүсийнх үхэлд хүргэх нь тун бага байгаа. Бараг байхгүйтэй адилхан. Гэхдээ л энэ хоёр сая хүн дотор таргалттай, сахартай, зүрхний өвчтэй, уушгины архаг өвчтэй, халдвартай, дархлаа дарангуйлах эмтэй гээд суурь өвчтэй хүмүүс их байна шүү дээ. Энэ хүмүүс хичнээн вакцин хийлгэлээ ч гэсэн өөрийнх нь бие сул, дархлаа нь муу байгаа учраас амархан өвдөх магадлалтай, бага зэргийн хүндрэх магадлалтай. Гэхдээ үхэх магадлал эрс багасдаг.
Гэхдээ иргэд Засгийн газар, Эрүүл мэндийн салбарынхан, манай эмч сувилагч нар бүгд сайн ажилласны үр дүнд вакцинаа сайн хийсэн.
Тийм эмгэнэлтэй байдалд ороогүй байгаа. Гэхдээ хүний сэтгэл хэзээ ч ханадаггүй. Дандаа илүүг хүсдэг. Нэг ч хүн өвдөхгүй, үхэхгүй байгаасай гэж хүсэж байна. Гэхдээ харамсалтай нь амьдрал дээр тийм юм байдаггүй юм.
Олгойны хагалгаа хийлгэсэн ч гэсэн 10000 хагалгаанаас цус алдах юм уу, норкозын хүндрэлээр нэг хүн үхэх магадлалтай. Түүн шиг хоёр сая хүнд вакцин хийлгэхэд тодорхой хэсэг нь өвдөнө. Хүндэрч нас баралт ч гарна. Вакцин хийлгээгүй хүмүүс бүр илүү эрсдэлтэй байгаа. Тэгэхээр миний зүгээс 1,2-р тунгаа хийлгээгүй байгаа хүмүүс хийлгээрэй. 6 сарын 10 гэхэд 2-р тунгаа Улаанбаатар хотод дуусгана гэж байгаа. Тэгэхдээ энэ өвчин бүр алга болохгүй. Тэр ч байтугай энэ зун, намартаа бүр алга болохгүй. 5-10-аараа, магадгүй 7 хоногт нэг хоёроороо нас барах тохиолдол байсаар байна. Ямар нэгэн ид шидийг хүлээх хэрэг байхгүй. Хоёр дахь хэсэг нь хүүхдээр дамжиж байгаа юм. Сүүлийн үеийн ЭМЯ-ны мэдээг харсан бол халдвар авч байгаа хүний 50-60% нь 1,2-р хавьтал нь хүүхдээр дамжсан байгаа. Монгол хүүхдүүдийн орон. 18 хүртэлх насны хүүхэд хүн амын 30% байдаг. Тэд огт вакцин хийлгээгүй болохоор зарим нь өвдөж байна. Харамсалтай нь сүүлийн үед хүүхдүүдээ таргалуулдаг, чихрийн шижинтэй, суурь өвчтэй, хоолой нь өвддөг гэх мэт дархлааны өөрчлөлтөнд орсон хүүхдүүд их байдаг болчихсон.
Тэд л илүү их өвдөөд байгаа юм. Зөвхөн Монголд ч биш, дэлхий даяараа өвдөж байна.
Би Засгийн газрыг магтаад байгаагийн учир нь гэвэл энэ намар хичээл эхэлнэ гэсэн. Үүний өмнө бүх хүүхдүүдээ вакцинжуулья гээд дэлхийн хамгийн үнэтэй, хүндрэл гайгүй байгаа вакцины нэг файзерын 2,5 сая тунг гэрээ хийгээд эхнээсээ оруулаад ирчихсэн байгаа. 1,3 сая хүүхдүүдээ өвтгөхгүй, хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй гэж бодож байвал вакцин хийхээс өөр арга байхгүй. Дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын судалгааны төвүүдийн удаан хугацаанд хийгээд, баталчихсан вакциныг хийхээс өөр арга байхгүй. Эдгээрээс хамгийн аюулгүй нь Файзер.
Би Засгийн газарт талархмаар байна.
Би хүүгээ битгий өвдөөсэй, битгий хүндрээсэй, битгий үхээсэй гэж хүсэж байгаа учраас хамгийн түрүүнд 15 настай хүүхэддээ файзер хийлгэнэ. Яагаад гэвэл Хар ухаанаар бодоход муухай байгаа байхгүй юу. Хоёр сая том хүн нь амиа бодоод вакцин хийлгэчихсэн. Гэтэл энэ хүүхдийн тоглоомын талбай дээр байгаа хүүхдүүдэд яагаад вакцин хийлгэж, хамгаалдаггүй юм. Эхнээсээ өвдөөд, үхээд байна шүү дээ. Эднийхээ төлөө хамгийн үнэтэй вакцин оруулж ирсэн Засгийн Газартаа талархмаар байна. Тэгээд 100 жилийн ой болох Наадмаараа бүгд сайхан эрх чөлөөтэй, цэнгэлтэй байя гэвэл вакцинаа хийлгээд, хариуцлагатай байх ёстой. Хичнээн баяр болоод, шагнал авлаа ч гэсэн эсвэл оршуулга болоод гашуудсан ч гэсэн 2 метрийн зайд ойртож шавахгүй байхыг л хичээх хэрэгтэй. Яагаад гэвэл вирус үүнийг ойлгохгүй шүү дээ. Одоо аюултай гэснээ одон авахаар гайгүй болно, эсвэл оршуулга, овооны тахилга болохоор хүмүүс хамгаалагдана гэсэн ойлголт энэ вируст байхгүй.Тиймээс хөдөө, гадаа явах гэх мэт ямар ч тохиолдолд өөрийгөө хамгаалж яваарай л гэж хүсмээр байна.” гэв.