Энэ хичээлийн жилийн зуны амралтыг эрт эхлүүлсэн учир ирэх намар цэцэрлэг, сургуулийг наймдугаар сарын 15-наас эхлүүлнэ хэмээн анх БШУЯ-наас мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр БШУ-ы Л.Энх-Амгалан Асашёорюү Д.Дагвадоржтой ярилцах үедээ энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өглөө.
-Ирэх намар цэцэрлэг сургууль 8-р сарын 15-наас эхлэх үү?
-Хуулиараа хичээл есдүгээр сарын 1-нд эхэлнэ. Гэхдээ тэр үед улсын хэмжээнд ковидын нөхцөл ямар байхыг хэлж мэдэхгүй.
Өнгөрсөн хичээлийн жилийн турш сурагчид онлайн болон теле хичээл хийж дэлгэцийн нөлөөллөөс болж хүүхдүүд их ядарсан. Тиймээс сурагчдыг анги дэвших, улсын шалгалтаас чөлөөлсөн. Зөвхөн 12-р анги төгсөгчид ЭЕШ-аа өгнө.
-Улаанбаатар хотын сурагчид танхимаар авах сургалтаасаа хоёр жилээр хоцорлоо. Энэ хоцрогдлыг яаж нөхөх вэ?
-Хоёр жилийн өмнө нэгдүгээр ангид орсон хүүхэд багшаа, ангийнхнаа мэдэхгүй 3-р ангид орж байна. Боловсролоос бүтэн хоёр жилийг алдсан үе өснө гэдэг улс орны ирээдүйд үнэхээр харанхуй үе өсөж байна. Энэ бол улс орны нийгэм, эдийн засаг, ирээдүйд маш их хор хохиролтой. Дэлхийн банкнаас энэ талаар судалгаа хийгээд ирэх намар дахин ковидын нөхцөл байдал үргэлжилбэл Монгол Улс ирээдүйд боловсролын хоцрогдлоос үүсэж 2 их наядын хохирол амсана гэж тооцоолсон.
-Ирэх намар нөхцөл байдал өнөөдрийнхөөс хүнд байвал яах вэ?
-Ковидын нөхцөл байдал хүнд байсан ч өнгөрсөн хоёр жилд манай улс шиг сургуулиа бүтэн хаасан улс маш цөөхөн. Сурагчид авах ёстой мэдлэгийнхээ 60-70 хувийг танхимаар сурах ёстой гэж үздэг. Гэтэл манайд эсрэгээрээ болоод байна. үүнээс болоод хичээлийн маш том хоцрогдол үүссэн.