Замын-Үүд дэх гаалийн газраас Мэргэжлийн хяналт, Гааль, Боомтын зөвлөл, Хил хамгаалах ерөнхий газар хамтран үлдсэн 30,000 тонн ачааг татаж авахад тулгарч буй асуудлыг танилцуулж байна.
Хилийн 0108 дугаар ангийн захирагч хурандаа В.Намхайнямбуу “2021 оны наймдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тээврийн жолооч нартай хариуцлагын гэрээг байгуулж, дараалалд байгаа БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хүртэлх тээврийн хэрэгслийн хөлсийг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тогтоолоо.
Тухайн жолооч зөвшөөрч гэрээ байгуулсан тохиолдолд хариуцлагын гэрээ байгуулна. Өнөөдрөөс эхлэн эхний 90 автомашиныг улсын хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж эхэллээ” гэлээ.
Замын-Үүд дэх авто тээврийн үндэсний төвийн дарга Ж.Сүхбаатар “Жолооч нартай байгуулж байгаа хариуцлагын гэрээнд хариуцлагатай хандах ёстой. Ачааны эзэд, тээврийн жолооч нар хариуцлагатай байж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй. Энэ үйл ажиллагаанд хууль хяналтын байгууллага хяналт тавьж байгаа. Эрээн Улаанбаатарын зардлыг 10 сая төгрөгөөс хэтрүүлсэн тохиолдолд манай сумын тагнуулын байгууллагын 70527305 гэсэн утсаар иргэд мэдээлэл өгч болно.
Гэрээний үүргээ биелүүлээгүй нь хуулийн байгууллагаар тогтоогдсон тохиолдолд Замын-Үүд дэх авто тээврийн үндэсний төвөөс улс хоорондын Б зөвшөөрлийг олгохгүй байх хүртэлх арга хэмжээ зургаан сар буюу түүнээс дээш хүртэлх хугацаагаар авна” гэв.