Баянгол дүүрэгт хийгдэж буй замын ажил буюу Модны-2-ын зам засварын ажил ямар шалтгаанаас болж удааширч байгаа талаар дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар мэдээлэл хийлээ. БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабазар: Баянгол дүүрэгт өмнөх жилүүдийнхээс харьцангуй олон автозамын төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Нийт 22 км автозам, 12 мянган м.кв авто зогсоолын талбай байгуулахаар гүйцэтгэгч компаниуд ажиллаж байна.
Одоогоор 10 орчим км үргэлжлэх гол болон туслам замын ажил хийгдэж байна. Есөн км нь хороолол дотор, гурван км нь гэр хороолол дунд хийгдэж байна. Модны 2 гэж нэрлэгддэг замын хоёр эгнээг дөрөв болгон өргөтгөж байгаа. Ингэснээр түгжрэл бууруулахад ихээхэн ач холбогдолтой юм. Модны 2-ын зам нэг км орчим. Түүнээс баруун тийш мөн км зам байгаа. Тэр нь ирэх жил хийгдэнэ.
Гүйцэтгэгч компанийн гаргаж өгсөн хуваарийн дагуу есдүгээр сарын 12 гэхэд Модны 2-ын замын 50 хувийг хучна. Аравдугаар сарын 1-н гэхэд 100 хувь дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гэрээний хугацаа 2021 оны аравдугаар сарын 1-н байсан. Гэхдээ автозамын ачаалал нэмэгдэж байгаа учраас хугацааг аль болох шахаж наашлуулаад байна.
Иргэд энэ замын ажлыг удаашралтай гэдэг шүүмжлэл тавьж байгаа. Мэргэжлийн байгууллагуудын хэлж байгаагаар эхлээд доошоо 1-1.2 м газар шорооны ажил хийдэг. Үүнийг технологийн дагуу хийх ёстой. Дээр нь нэмээд газар чөлөөлөлтийн асуудлууд үргэлжилнэ. Одоогоор газар чөлөөлөлтийн ажил 90 орчим хувьтай байна. Газар чөлөөлөлтийг дээр иргэн, ААН-үүд дэмжиж, хамтарч ажиллаж байгаа. Арав орчим ААН хашаагаа татсан. 3-5 ААН барилгын өргөтгөлөө буулгаж, газар зохион байгуулалтын дагуу үнэлгээ гаргаж, тохиролцсон” гэдэг мэдээлэл өглөө.
-Энэ хэсгийн автозамын ажлыг яагаад өмнө нь хийж болоогүй юм бэ. Иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж, замын ачаалал ихэсдэг үетэй давхцуулж байгаад иргэд бухимдаж байна. -Хаа сайгүй л хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хугацаа алдаж байгаа явдал бий. Нийслэл, дүүргээс хийгдэж байгаа ажлуудыг хурдан эхлүүлэхийг зорьж ажилласан. Сонгон шалгаруулалтыг энэ оны тавдугаар сард явуулаад зургаадугаар сард эхний ажлууд эхэлсэн.
-Модны 2-ын зам дагуу үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдээс гомдол гаргаж байгаа. Энэ замын ажлыг эхлүүлэхдээ бидэнд мэдэгдээгүй, замын дөрвөн эгнээ болгон өргөтөгснөөр ногоон зогсоол, ногоон байгууламжгүй болж байна гэсэн. -ААН-үүдтэй зөвшилцөж ойлголцож байж ажлаа эхлүүлдэг. Тэр дагуу л явж байгаа. Одоо нэг ААН байгаа. Тэднийх хөрөнгийн үнэлгээг эргэж хараач гэдэг хүсэлт тавьж байгаа. Өөрөөр энэ зам дээр ямар ч асуудал байхгүй.