Монголын Боксын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гомдлыг хэлэлцжээ.
Түүний гаргасан хүсэлтийн дагуу ДАШТ-д Э.Цэндбаатарын оронд өрсөлдөхөөр болсон “Алдар” спорт хорооны тамирчин О.Тулгатай халз өрсөлдүүлэн, ялсныг нь ДАШТ-д явуулахаар шийдвэрлэсэн байна.
Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг ёс зүйн хариуцлага алдсаны улмаас шигшээ багаас хасаж, ДАШТ-д оролцуулахгүй байх шийдвэрийг гаргаад байсан юм.
Э.Цэндбаатар буруугаа хүлээн уучлалт гуйж, өөрт нь дахин нэг боломж олгох хүсэлтийг гаргасан бөгөөд Монголын Залуучуудын холбоо төдийгүй 2000 гаруй иргэний хүсэлт мөн ирсний харгалзаж Монголын боксын холбооны УЗ яаралтай хуралдан дээрх шийдвэрийг гаргасан байна.
Сорил тоглолт аравдугаар сарын 3-нд Эрдэнэтийн Сэлэнгэ баазад явагдах тов гарсан байна.
МБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Сайнбилэг “Шийдвэрийг гаргахад бидэнд хүнд байлаа. Сорил тэмцээнийг гурван минутаар гурван удаа явуулах бөгөөд таван шүүгч шүүлтийг хийнэ. Жинг 60.00 кг гэсэн хатуу шүүлтээр шүүнэ. Нэг ч грам илүү байх ёсгүй. Өрсөлдөх тамирчин О.Тулга Армийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа бөгөөд Москвад байгаа өөртэй нь болон багштай нь ярилцсан” гэлээ.
Олон удаагийн алдааг өршөөж, найр тавьж байсан бөгөөд олон удаагийн буруутай үйлдлийг үндэслэн ДАШТ-д оролцуулахгүй байх шийдвэрийг гаргасан бөгөөд энэ бол буруу биш гэдгийг холбооны зүгээс онцолж байна.
Сорил тэмцээнийг телевиз болон сайтаар шууд дамжуулан үзүүлэх бөгөөд үзэгчгүй болох юм байна.