Монгол төрийн сэнтийд хагас зуун заларсан Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 105 жилийн ой өнөөдөр тохиож байна. Улс эх орон ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр үстэй толгойгоо цайтал зүтгээд насныхаа эцэст хүний нутагт гэрийн хорионд амьсгал хураасан Бал даргын маань алдар суу мөнхөд оршиг ээ.
Ардчилал гэх сайхан үлгэрээр манийгаа хошгоруулаад анархи болгосон өнөөгийн нийгэмд агуу тантай маань эн зэрэгцэх хүн харамсалтай нь дахиад төрсөнгүй.
Төрийн өндөрлөгт гарсан өнөөгийн дээдсүүд ёс зүйгүй авирлаж, авлигад идэгдэж, эх орныхоо үнэт баялагийг сорчлон цөлмөж, манийгаа мөн үр ач нараа дааж давшгүй өрөнд оруулж, ажилгүйдэл, ядууралд автуулж, сүйрлийн ирмэг дээр авчраад байгаа энэ цаг үед бид тань тун хүндхэн байдалд ороод байна даа.
Социалист гэх таны байгуулсан нийгэмд бид амьдрахдаа зуу зууны хоцрогдлоос салж, боловсролтой болж, эрүүлжиж, дэлхийн соёлоос суралцаж, хүн бүр хийдэг ажилтай, бага ч гэсэн авдаг цалинтай, эрүүл энх аюулгүй орчинд сэтгэл тэнүүн амар амгалан, хүн чанартай, ёс зүйтэй санаа зовох зүйлгүй сайхан амьдарч байлаа.
Бүрэн төгс төгөлдөр нийгэм гэж хаа ч байдаггүй хойно таныг шүүмжлэх зүйл зөндөө л байсан гэхдээ, арай ч өнөөдрийнх шиг улс орноо гаднынхантай хуйвалдан хувааж идэхдээ тулсан, ёс зүйгүй, дээрэмчин луйварчин удирдагчидтай байгаагүй ээ.
Ээдрээтэй тэр цаг үед, төрийн өндөрлөгт хагас зуун жил суусан таныг дөрөвхөн жил ч олигтойхон төр барьж чадахгүй өнөөгийн дээдэстэй зүйрлэхэд санаанд нэг л буухгүй юм даа. Орон сууц, одон медаль, гавьяа цол, насаараа цуглуулсан номын санг чинь хүртэл тонон дээрэмдэж хэлмэгдүүлснээ намын тань нэрийг тань ашиглан мандан бадарч яваа өнөөгийн нөхдүүдийн өмнөөс дахин дахин хүлцэл өчье.
Монгол түмэн биднийгээ Бал дарга минь та мөнх тэнгэрээс ивээгээрэй.
Ш.Пүрэвсүрэн
Зуун модны зуслан 2021-9-16