ТОКИО. /NHK/. Японы автомашин үйлдвэрлэгч “Honda Motor” компани нисдэг машин бүтээж буйгаа олон нийтэд дэлгэлээ. Тус компани нь хувийн нисэх онгоцны төслөөс хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан холын зайн нислэг үйлдэх чадвартай тээврийн хэрэгсэл бүтээхээр төлөвлөж байна.
Тодруулбал, “Honda”-гийн мэргэжилтнүүд босоо чиглэлд хөөрч, буух “eVTOL” нисдэг тээврийн хэрэгслийг 2030 онд юм уу түүнээс хожуу танилцуулах зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа ажээ. Нисдэг машинууд нь дараагийн үеийн тээврийн хэрэгсэлд тооцогдож буй тул олны анхаарлыг ихэд татаж буй юм.
“Honda”-гийн мэдээлснээр, дотоод, гадаадын компаниудын хөгжүүлж буй тээврийн хэрэгслүүдийн хувьд ойролцоогоор 100 км нисэх хүчин чадалтай байгаа бол “eVTOL” 400 км нисэж, хотуудын хооронд тээвэр хийх боломжтой байна. “Honda” энэхүү тээврийн хэрэгслийнхээ туршилтын нислэгийг АНУ-д 2023 оноос хийхээр төлөвлөж байгаа ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг