“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авах давуу эрхээс Монгол Улсын Засгийн газар татгалзаж, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүст давуу байдал бий болгон худалдсан гэх хэргийг Эрүүгийн Цагдаагийн Албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлэх саналаа илэрхийлэн Нийслэлийн Прокурорын Газарт хүргүүлжээ.
Уг нь 2020 оны хоёрдугаар сард прокурорын хяналтад хүргүүлсэн ч нэмж шалгах зүйл байна гэж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм.
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” (Монголиан коппер корперэйшн) ХХК худалдаж авахад Монгол Улсын Засгийн газар давуу эрхээсээ 2016 оны зургадугаар сарын 13-нд татгалзсан билээ. Уг хэрэгт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац” ХХК-ийн захирал Ц.Пүрэвтүвшин, “Канетик” компанийн захирал Г.Хүрэлбаатар тэргүүтэй хүмүүсийг яллагдагчаар тооцсон байдаг.