Онцгой байдлын албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг явдал 12 дугаар сарын 03-ны өдөр гарчээ.
Онцгой байдал болон цагдаагийн байгууллагаас албан хаагчийг өөрөө аюулгүй байдлыг хангаагүйгээс болж амь насаа алдсан хэмээн үзэж буй аж.
Тиймээс талийгаачийн эхнэр тухайн орчны камерийн бичлэгийг олон нийтэд ил болгохыг шаардаж, Баянзүрх дүүргийн цагдаагийн III хэлтсийн гадаа өнөөдрөөс суулт зарлаж эхэллээ.
Тэрбээр “Миний нөхөр 24 цагаар нойргүй ажиллаад, ээлжнээсээ буусан. Гэтэл гал унтраах 63 дугаар ангийн тасгийн дарга Эрдэнэбат гэдэг хүн мэргэжлийн бус техникчтэй, албан бус ажилд явуулж, амь насыг нь эрсдэлд орууллаа.
Миний нөхөр 09.27 цагт нас барсан байхад надаас нуусан. Би 12 цагт олж мэдсэн. Онцгойгийнхон нөхрийг маань алчихаад оршуулгыг нь хийлээ.
Нөхрийн маань нэр дээр байсан дугаарыг хаалгалаа, юунаас айгаад байгаа юм бэ. Өөрөө саваагүйтэж яваад тогонд цохиулсан мэтээр ярьж байна. Тиймээс камерийн бичлэгийг олон нийтэд дэлгэж, нэр хүндийг нь сэргээхийг шаардаж байна” хэмээн ярьж байна.