Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн иргэний хэрэг эрхэлсэн зөвлөх Ким Жин Кук өнөөдөр өглөө албан тушаалаас огцрох өргөдлөө гаргажээ.
Түүний өргөдлийг ерөнхийлөгч Мүүн Жэ Ин хүлээж авсныг албаны эх сурвалж мэдээлсэн байна.
Огцрох болсон шалтгаан нь зөвлөхийн хүү ажилд орох гэж анкет бөглөхдөө аавынхаа албан тушаалыг дурдсантай холбоотой гэнэ.
Даваа гарагт MBC сувгаар түүний хүүгийн бөглөсөн хэд хэдэн анкетыг үзүүлжээ.
Эдгээр анкетуудад Ким Жин Кукын хүү аавыгаа ерөнхийлөгчийн ордонд өндөр албан тушаал хашдагийг дурдсанаас гадна аавынх нь нөлөө зарим ажлыг бүтээхэд тус болох давуу тал байгаа тухай бичсэн юм байна.
Ким Жин Кук дээрх мэдээлэл задарсны дараа олон нийтээс MBC сувгаар уучлал гуйсан юм. Хүү нь бас ажилд орох гэж хэт их хүссэндээ алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, олон нийтээс уучлал гуйжээ.
Ким Жин Кук есөн сарын өмнө Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Иний иргэний хэрэг хариуцсан зөвлөхөөр томилогдож байв. Мүүн Жэ Ин бүрэн эрхийнхээ хугацаанд уг албан тушаалд таван хүн томилж байсан нь бүгд ямар нэг асуудлаар огцроод байна.
Эх сурвалж: Yonhap News