Ардчилсан намын даргын сунгааг дөрөвдүгээр сарын 6-нд болно. Үүнтэй холбогдуулан Ардчилсан намын дарга С.Эрдэнэ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлын мэдээллийн үеэр мэдэгдэл хийлээ.
Тэрээр“Өөрсдийгөө Ардчилсан нам гэж нэрлэсэн гэрчилгээгүй, тамгагүй, хууль ёсны эрх зүйн эрхгүй хэсэг бүлэг хүн даргын сунгаа хийж байна. Энэ асуудалд бид удаа дараа шаардлага тавьсан. Бид хуультай улс юм. УБЕГ-т бүртгэлтэй, эрх бүхий байгууллагын шийдвэртэй, тамга тэмдэгтэй хүчин төгөлдөр байгууллага үйл ажиллагаагаа явуулах ёстой.
Бид удаа дараа шаардлага хүргээд байхад үл тоож, олны толгойг эргүүлсэн, намын дотоод эв нэгдлийг бусниулсан үйлдлийг гаргаж байна. Ардчилсан намын даргын сунгаа гэх зүйлд Ерөнхийлөгч байсан хүн, одоо УИХ-ын гишүүн байгаа хоёр хүн нэр дэвшээд явж байгаа нь Монгол Улсад хууль ямар хэмжээнд хэрэгжиж байгаа, хуулиа ямар хэмжээнд хүндэлж байгаа, хууль ямар нэр хүндгүй болсныг тодоор харууллаа. Бид Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, АТГ-т хандаж өргөдөл гаргаж байна” гэлээ.
Ардчилсан намаас иргэн И.Мөнхжаргал тэргүүтэй хүмүүс намын туг, тэмдэг, бланк, нэр хаягийг хууль бусаар ашиглан даргын сунгааг зарласан гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагад хандаж буй аж.