2021-2022 оны хичээлийн жил гурван улиралтай. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн I-III ангийн суралцагчид 32, IV-V ангийн суралцагчид 33, дунд, ахлах ангийн суралцагчид 34 долоо хоног тус тус суралцана. Ерөнхий боловсролын сургууль Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” 2020 оны А/244 дүгээр тушаалаар баталсан “Хичээлийн жилийн бүтэц”-ийг мөрдөх бөгөөд энэ дагуу сурагчдын хоёрдугаар улирлын амралт гуравдугаар сарын 28-ны өдрөөс гэж заасан ч сурагчид ирэх баасан гараг /2022.04.01/-аас эхлэн нэг долоо хоног амарна. Гуравдугаар улирлын бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр эхлэх юм.
Дөрөвдүгээр улиралд сурагчид хэрхэн суралцах вэ
1-3 дугаар ангийн суралцагчид-Найман долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны тавдугаар сарын 30-ны өдөр эхэлнэ.
4-5 дугаар ангийн суралцагчид есөн долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны зургаадугаар сарын 6-ны өдөр эхэлнэ.
6-12 дугаар ангийн суралцагчид 10 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны зургаадугаар сарын 13-ны өдөр эхэлнэ.
ХӨСҮТ: Эмнэлгүүдийн орны ачаалал өндөр хэвээр байна
Сурагчдын амралт эхлэхтэй зэрэгцэн эцэг эхчүүдийн зүгээс тавьж буй нэг хүсэлт нь сурагчдын амралтыг сунгах тухай юм. Ковид19 халдварын улмаас өнгөрсөн хоёр жил ханиад, томуугийн дэгдэлт бага байсан ч энэ жил томуу, томуу төст өвчний дэгдэлт дээд хэмжээнд хүрч, одоо ч эмнэлгүүд ачаалалтай ажиллаж байна. Халдварт өвчний дэгдэлтийн талаар ХӨСҮТ-ийн их эмч Ч.Уртнасангаас тодруулахад “Томуу, томуу төст өвчний дэгдэлт улсын хэмжээнд дэгдэлтийн байдалтай байна. Орны ачаалал өндөр хэвээр байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийн 80-90 хувь нь 0-5 насныхан байна” гэсэн мэдээллийг өгсөн юм. Бага насны хүүхдийн дунд амьсгалын замын өвчлөл, хүндрэл их байгаатай холбогдуулан 2022 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл, өрх, тосгоны Эрүүл мэндийн төвүүд бямба гарагт 10.00-17.00, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 08.30-22.00, ням гарагт 10.00-17.00 цаг хүртэл уртасгасан цагаар тус тус ажиллаж буй юм. Мөн Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хүүхдийн амьсгалын замын өвчлөл, томуу, томуу төст өвчин, Ковид19 халдварын эмчилгээ, асаргааны талаар зөвлөгөө өгөх утас тогтмол ажиллаж байгаа юм байна.
Орон нутгийн болон нийслэлийн бүх сурагчид нэг долоо хоног амарна
Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс “Одоогоор амралтын хугацааг сунгах талаар хүсэлт ирээгүй” гэлээ. Хөдөөд мал төллөх, ноолуур самнах гээд ид малчдын ажил эхэлж байна. Ковид19 халдвар гарахаас өмнө орон нутгийн сурагчид хоёрдугаар улиралд нийт гурван долоо хоног, нийслэлийн сурагчид хоёр долоо хоног амардаг байсан. Гэвч энэ жилийн хувьд бүх сурагчид нэг долоо хоног амарч байгаа юм. Хотод халдварын нөхцөл байдал дээрдэхгүй, хөдөөд иж ажил өрнөж буй энэ цагт сурагчдын амралтыг сунгах эсэхийг харах л үлдлээ.