УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорын газраас гаргасан. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс шийдвэрлэсний дагуу Лхагва гаригт товлогдсон Байнгын, дэд хороодын хуралдааны хуваарийг хүргэж байна.
Үүнд:
- Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 09:00 цагаас;
- Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо “Их засаг” танхимд 10:30 цагаас;
- Төсвийн зарлагын хяналтын дэд хороо “Их эзэн Чингис хаан” танхимд 11:00 цагаас;
- Төсвийн байнгын хороо “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 15:00 цагаас тус тус биечлэн хуралдана.
Эргэн сануулахад, Халдашгүй байдлын дэд хороо таван гишүүнтэй. Үүнд, УИХ-ын гишүүн Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нар багтдаг. Уг дэд хороог УИХ-ын гишүүн Н.Энхболд даргалдаг. Ийнхүү дээрх гишүүд прокуроос орж ирсэн хэргийн гишүүдийн материалтай танилцаж, дүгнэлтээ УИХ-д хүргүүлдэг аж.
Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан 10:30 цагт хаалттай горимоор хуралдахаар зарласан. Гэвч гишүүдийн ирц бүрдэхгүй байсаар 12:00 цагт эхэллээ. Хуралдаан товлосон цагт Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил нар ирсэн байв.
Харин Н.Алтанхуяг гишүүн хуралдаанд дөнгөж сая орлоо. Тэрбээр Хөгжлийн банктай холбоогүй асуудлаар шалгагдаж байгаа гэдгээ хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Гишүүдийг түдгэлзүүлээд хуулийн байгууллагад шалгах хэрэгтэй. Хуулийн хүрээнд сайн нухацтай хандах хэрэгтэй” гэлээ.
Хуралдааны дараа Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан сэтгүүлчдэд уг асуудлаар мэдээлэл өгнө.