Өндөр уулын авиралтын спортын мастер, “Хайрхан аялагч клуб”-ийн гишүүн Б.Гантулга дэлхийн дээвэр Хималайн нурууны Эверест уулын оргилд гарчээ. Тэрээр тавдугаар сарын 14-ний 07:00-08:00 цагийн орчимд 8849 метрийн өндөрт гарсан бөгөөд Эверестийн оргилд гарсан Монголын найм дахь уулчин боллоо.
Өмнө нь манай уулчдаас Г.Өсөхбаяр, Б.Гангаамаа, Б.Цэвээндаш, Ц.Цогзолмаа, С.Бат-Эрдэнэ, Л.Баярсайхан, Ж.Бямбасүрэн нар гарч байв.
Б.Гантулга нь Европ тивийн ноён оргил 5641 метр өндөр Эльбрус, Африк тивийн ноён оргил 5895 метр өндөр Килиманжаро, Өмнөд Америк тивийн ноён оргил 6965 метр өндөр Аконкагуа ууланд гарсан юм. Тэрээр нэгэн ярилцлагад “Миний ойрын зорилго бол дэлхийн ноён оргил 8850 метр өндөр Эверест ууланд гарах юм. Цаашдаа Хойд Америк тивийн ноён оргил 6191 метр өндөр Динали, Далайн орнуудын ноён оргил 2228 метр өндөр Косцюшко, Өмнөд туйл буюу Антарктидын ноён оргил 4892 метр өндөр Винсон Массиф-т гарна” гэжээ.