Бямба гарагт Франц, Германы удирдагчид ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй 80 минутын турш утсаар ярьсан байна.
Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы канцлер Олаф Шольц нар “даруй галаа зогсоож, цэргээ Украинаас гаргах”, Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй “шууд яриа хэлэлцээ” эхлүүлэхийг Путинд уриалжээ.
Путин үүний хариуд Киевийн талтай яриа хэлэлцээгээ сэргээхэд бэлэн байгаагаа илэрхийлснийг Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Гэхдээ Путин, Зеленский нарын шууд яриа хэлэлцээ боломжтой эсэх талаар дурдсангүй.
Оросын цэрэг Украины газар нутагт цөмрөн орсон хоёрдугаар сарын 24-нөөс хойш Москва, Киевийн төлөөлөгчид хэд хэдэн удаа уулзсан ч сүүлдээ хэлэлцээ мухардалд орж, зогссон байгаа.
Өчигдөр бас Франц, Германы удирдагчид Мариуполийн Азовсталь үйлдвэрээс олзлогдсон Украины 2,500 орчим цэргийг суллахыг Путинд уриалсан байна.
Мариуполь хотыг хамгаалан тулалдаж байсан сүүлчийн цэргүүд өнгөрсөн долоо хоногт Оросын талд олзлогдсон юм. Украины удирдлагууд тэднийг үүргээ биелүүлсэн тул үйлдвэрийг орхих тушаал өгсөн гэж тайлбарлаж байгаа. Харин Оросын тал тэднийг зэвсгээ хаян бууж өгсөн гэж мэдээлж байна.
Киевийн эрх баригчид цэргүүдээ Оросын олзны цэргүүдээр солилцох санал тавьсан ч Москва тодорхой хариу өгөөгүй байгаа. Оросын зарим улс төрчид тэднийг цэргийн шүүхээр шүүж, яллах ёстой гэж ярьж байна.
Өчигдөр бас Макрон, Шольц нар Хар тэнгист Украины үр тарианы экспортод тавьсан хаалт хориглолтоо чөлөөлөхийг Путинд уриалжээ.
Путин хариуд нь ОХУ-ын эсрэг зарласан Өрнөдийн эдийн засгийн хоригийг цуцлуулах шаардлага тавьсныг Кремлиэс мэдээлсэн байна.
Ярианы үеэр Путин зэр зэвсэг Украинд нийлүүлэхээ зогсоохгүй бол нөхцөл байдал улам хурцдахаар байгааг Франц, Германы удирдагчдад анхааруулжээ.
Сүүлийн өдрүүдэд Украины дорнод хязгаарын Донбасст тулаан улам ширүүсэж байгаа. Украины ерөнхий сайд Денис Шмигаль өчигдөр BBC сувагт өгсөн ярилцлагадаа дайны улмаас тус улс 25,000 км урт засмал зам, хэдэн зуун гүүр, 12 нисэх буудлаа сүйрүүлсэн тухай дурдсан байна.
Мөн 100 гаруй боловсролын байгууллага, 500 гаруй эмнэлэг, 200 орчим үйлдвэр бөмбөгдөлтөд өртөн балгас болжээ.
Тэрбээр эдгээр сүйтгэлийг Оросын талаар нөхөн төлүүлэх, Оросын гадаадад битүүмжлэгдсэн хөрөнгийг сэргээн босголтод ашиглах ёстойг энэ үеэр ярьсан байна.
Эх сурвалж: BBC