Орон нутгийн цагаар 2-ны өдөр Европын холбооны 27 гишүүн орон Оросоос нийлүүлж буй газрын тосонд хориг тавих зэрэг заалт бүхий Оросын эсрэг 6 дахь ээлжийн хориг арга хэмжээг албан ёсоор баталлаа. Холбогдох хориг арга хэмжээ 3-ны өдрөөс хэрэгжиж эхлэх юм байна.
Европын холбоо 6 дахь ээлжийн хориг арга хэмжээгээ хэрэгжүүлэх болсноо зарласны дараа ОХУ-ын ГХЯ ч хариу хориг арга хэмжээ авна хэмээн зарласан ч дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.
5-р сарын 31-нд өндөрлөсөн Европын холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр гишүүн орнуудын тэргүүн нар 6 дахь ээлжийн хориг арга хэмжээний талаар зарчмын хувьд нэгдсэн ойлголтод хүрч чадсан байна. Үүнд газрын тосны эсрэг хориг, Оросын хамгийн том банк болох Сбербанкыг SIFC төлбөр тооцооны системээс хасах зэрэг заалт багтсан байна. Европын холбооны дүрмээр бол хориг арга хэмжээг 27 гишүүн орнууд бүгд зөвшөөрч байж хүчин төгөлдөр болдог. Харин Унгар зэрэг улс хоригийн зарим заалтад санал нэгдээгүйн улмаас талууд товлосон ёсоор 6-р сарын 1-нд уг төслийг баталж чадаагүй.
Энэ жил Европын холбоо ОХУ-д авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээгээ улам л нэмж, ОХУ дэлхийн хамгийн их хориг арга хэмжээд өртсөн улс болов. Оросын тал ч рублиэр тооцоо хийх, найрсаг бус улс орнуудын жагсаалт, Барууны улс төрчдөд хийлийн хориг тавих, Европын комиссоос гарах зэрэг хариу арга хэмжээ авч хэрэгжүүлжээ.