Өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-аас 10 мянгаас дээш дүнтэй гадаад валют гаргахыг хориглосон зарлигийг тус улсын ерөнхийлөгч В.Путин гаргасан билээ.
Тэгвэл Буриадын Хиагтын Наушки төмөр замын шалган нэвтрүүлэх боомтын гаалийн ажилтнууд их хэмжээний ам.доллар Монгол руу нэвтрүүлэхийг завдсан иргэнийг илрүүлсэн байна. Тодруулбал, Монгол руу галт тэргээр зорчиж явсан эрэгтэй 11.700 ам.долларыг гар тээшиндээ нуусан байсан бөгөөд гаалийн хяналтаар нэвтрэхдээ хилээр гаргахыг хориглосон бараа байхгүй гэж мэдүүлсэн байжээ.
Улмаар зөрчил гаргасан этгээдэд захиргааны хэрэг үүсгэж, валютыг нь “хууль ёсны шийдвэр гартал” эд мөрийн баримтаар хураахаар болсон байна.
Наушки гаалийн шалган нэвтрүүлэх боомтын дарга Вреж Татевосян “Хязгаарлалт нь Оросын рубльд хамаарахгүй. Харин 10 мянгаас дээш хэмжээний доллар авч хилээр гарах бол заавал гаалийн мэдүүлэгтээ тусгасан байх ёстой” гэжээ.