Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Европын орнуудад сармагчны цэцэг өвчний тохиолдол гурав дахин өссөнтэй холбогдуулан Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр шуурхай арга хэмжээ авахыг уриалжээ.
Тавдугаар сарын сүүлчээс эхлэн сармагчны цэцэг өвчин Африк тивээс хальж, дэлхийн бусад тивийн улс орнуудад тархсан юм.
Уг өвчний халдварын нийт 4,500 орчим тохиолдол дэлхийн 31 оронд илэрсэн ба үүний 90 орчим хувь нь Европ тивд бүртгэгджээ.
ДЭМБ одоогоор сармагчны цэцэг өвчнийг олон улсын хэмжээний эрүүл мэндийн гамшиг гэж үзэхгүй байгаа ч нөхцөл байдал дордвол байр сууриа өөрчлөх боломжтойг Клюге бас анхааруулсан байна.
Энэ удаагийн дэгдэлтээр халдварын тохиолдлуудын ихэнх нь том хотод амьдардаг, залуу насны ижил хүйстэн эрчүүдээс илэрч байгааг ДЭМБ мэдээлжээ.
Ерөнхийдөө сармагчны цэцэг өвчний вирус ойр харьцсан хүмүүсийн хооронд дамждаг.
Халдвар авсан тохиолдолд ихэнхдээ хөнгөн өвчилж, хоёроос гурван долоо хоногийн дотор бүрэн эдгэрдэг байна. Энэ хугацаанд халуурах, биеэр хайрст үлд туурах шинж тэмдгүүд илэрдэг.
Одоогоор уг өвчний халдварын батлагдсан тохиолдол Их Британид 1,076, Германд 838, Испанид 736, Португалид 365, Францад 350 хүрээд байна.
Сармагчны цэцэг өвчний эсрэг вакцин үйлдвэрлэх зөвшөөрөлтэй цорын ганц лаборатори болох Дани улсын Bavarian Nordic лаборатори 2.5 сая тун вакциныг АНУ-д нийлүүлснээ өчигдөр зарлажээ.
Европын Эмийн Агентлаг салхин цэцэг өвчний вакциныг сармагчны цэцэг өвчний эсрэг хэрэглэх боломжийг энэ долоо хоногоос судалж эхэлсэн байна.
Эх сурвалж: AFP