Шадар сайд С.Амарсайхан бүх төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг хамгийн багадаа 6 сараар бүрдүүлэх ажлын явцтай танилцжээ.
Энэ үеэр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас “Өнөөдрийн байдлаар Ковид-19 халдварт цар тахлын шалтгаанаар 519 хүн хэвтэн эмчлүүлж байгаа ч эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас өнгөрсөн оны мөн үеийн хэвтэн эмчлүүлэгчдийн 50 хувьтай тэнцэх буюу 10 мянга гаруй өвчтөнөөр тооцоолон эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлж буй.
Ингэснээр 21 аймгийн дөрөвт нь 91-ээс дээш хоног, үлдсэн аймгуудад 30-90 хоногийн нөөцтэй байгаа.
Дуслын шингэн болон шинж тэмдгийн эсрэг эм, амилуулах тусламж, үйлчилгээний эм, хувийн хамгаалах хэрэгсэл 3-12 сарын нөөцтэй байгаа бол антибиотик, тариур, дуслын систем 2-6 сарын нөөцтэй” байгааг мэдэгдэв.
Шадар сайд ковидын үеийн гэлтгүй, бүх төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг хамгийн багадаа 6 сараар бүрдүүлэхийг хариуцсан агентлагт даалгажээ.
Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээр гаднаас эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл авхуулахгүй байх үүрэг өгөгдсөн бөгөөд хэрэгжилтид хяналт тавьж ажиллахыг анхааруулсан байна.