ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний нэгжийн дарга Н.Сувдмаа сармагчны цэцэг өвчний талаар мэдээлэл өглөө.
Тодруулбал, сармагчны цэцэг өвчин нь анх 2022 оны тавдугаар сарын 20-нд бүртгэгдсэн. Энэ өдрөөс манай улс хариу арга хэмжээ авч эхэлжээ.
Анх энэ өвчин зөвхөн гурван бүсийн улс оронд бүртгэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар зургаан бүсийн 76 оронд 16,000 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
Н.Сувдмаа хэлэхдээ “Монгол Улс нь Номхон далайн баруун эргийн бүсэд хамаарах бөгөөд манай бүсийн орноос анх Австрали улсад энэ өвчин зөөвөрлөгдөж бүртгэгдсэн. Түүнээс хойш хамгийн сүүлд буюу долдугаар сарын 23-нд Камбожид сармагчны цэцэг өвчний нэг тохиолдол батлагдсан байгаа. Энэ хооронд 1-3 тохиолдол Сингапур, БНСУ зэрэг улсад нэмж бүртгэгдсэн.
Бид зөөвөрлөгдөж орж ирэхээс урьдчилан сэргийлж тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж буй. Ингэхдээ салбар хооронд долоон байгууллага хамтарч эрсдэлийн үнэлгээг нийт гурван удаа хийлээ. Үүгээр сармагчны цэцэг өвчин манай улсад зөөвөрлөгдөн орж ирэх болон тархах эрсдэл “Дунд” гэсэн үнэлгээ гарсан.
Ер нь манай бүсийн бүх улсад энэ өвчин зөөвөрлөгдөн орж ирсэн байгаа юм. Энэ тохиолдолд дандаа анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд нь анх илрүүлсэн байна. Үүнтэй уялдуулан тавдугаар сарын 24-нөөс эхлээд бид бүх анхан шатны эрүүл мэндийн байгууллага, амбулаторийн эмч нарт энэ өвчний талаар 3-4 удаагийн сургалт зохион байгуулсан.
Мөн ДЭМБ-ын зөвлөмжийг үндэслэж ЭМ-ийн сайд сармагчны цэцэг өвчний үед илрүүлэх тандалт, оношилгоо, эмчилгээний түр зааврыг баталсан.
Түүнээс гадна тавдугаар сарын 21-нээс хойш ГЕГ-ын Гаалийн хорио цээрийн албатай хамтран хилийн нэвтрэн орон цэгийн эрүүл мэндийн хуудсанд цэврүүт тууралтын хам шинжийн асуумжийг оруулсан буюу энэ асуумжийг хилээр орж ирж буй бүх иргэнээс авч байгаа гэсэн үг” гэлээ.
“Манай бүсийн долоон улсад сармагчны цэцэг өвчний 50 гаруй тохиолдол бүртгэгдсэн”
“Манай улсад халдварт өвчнийг тандах, судлах бэхэжсэн тогтолцоо ажилладаг. Тодруулбал, цэврүүт тууралттай хам шинж, шарлалттай хам шинж, халуурал тууралттай хам шинжийн сэжигтэй тохиолдлыг тандах тандалтын тогтолцоо улс орон даяар хэрэгждэг. Уг тандалтыг эрчимжүүлэх талаар хэд хэдэн албан тоот, зөвлөмжүүдийг холбогдох байгууллагуудад хүргэсэн.
Сармагчны цэцэг өвчин Европын холбооны бүс болон Америкийн бүсэд хамгийн ихээр бүртгэгдэж байгаа. Харин манай бүсийн долоон улсад 50 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Тиймээс тайвширч болохгүй бөгөөд онцын шаардлагагүй тохиолдолд халдвар бүртгэгдсэн газраар аялахгүй байх, аялах шаардлага гарвал энгийн зөвлөмжүүдийг мөрдөж, амны хаалт зүүж, зай барьж, гараа тогтмол савандаж угаах хэрэгтэй” хэмээн онцоллоо.